НИЙГМИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ШИНЭ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛНЭ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ШИНЭ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Хуваалцах Жиргэх

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо. Хурлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн танилцуулга, Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитаар өгсөн акт, албан шаардлагын биелэлтийн танилцуулга, Чингис хаан банк, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн барагдуулалтын танилцуулга, сумын байцаагч нар нийгмийн даатгалын мэдээллийн SICOS  системд ажиллаж эхлэх ажлын явц зэрэг 8 асуудлыг хэлэлцлээ. 

Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтэд онцгой анхаарч хэрэгжилтийг ханган, ирэх 10 дугаар сарын 01-ний өдөр  танилцуулах чиг үүргийг даргын зөвлөлөөс гаргалаа. 

Нийгмийн даатгалын байгууллага Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн авлагыг төлүүлэхээр шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 40.2 тэрбум төгрөгийг барагдуулж / мөнгөн хөрөнгөөр 13.8 тэрбум төг, хөрөнгөөр: 26.2 тэрбум төг/, 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, харин Чингис хаан банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 16.2 тэрбум төгрөгийг / мөнгөн хөрөнгөөр: 11.1 тэрбум төг, хөрөнгөөр: 5.07 тэрбум төг/ барагдуулж 87.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2025 онд багтаан 330 суманд  нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ирэх 10 дугаар сард сумдад SICOS системийг нэвтрүүлэх туршилтын ажлыг эхлүүлэхээр холбогдох газрууд бэлтгэл ажлаа хангаад байна. 

Дээрх ажилтай холбоотойгоор үүсэх асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэн, албан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга үүрэг болголоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд