Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар СТӨ-нд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НЗД-ын орлогч А.Амартүвшин хэлэхдээ, ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 15-наас галалгааны улирал эхэлнэ. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд 400 цэгт сайжруулсан түлш болон хагас коксон нүүрсийг худалдаанд гаргана. Ингэхдээ есдүгээр сарын 15-наас сайжруулсан түлш буюу мидлинг түлшийг дээрх 400 цэгээр дамжуулан худалдах бол аравдугаар сарын 1-нээс хагас коксон нүүрсийг худалдаанд гаргана. Энэ нь иргэдэд сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг харицуулан хэрэглэн боломжийг олгож байна.
Энэ жил 40-45 мянган тонн сайжруулсан түлш буюу мидлинг, 306 мянган тонн хагас коксон түлшийг борлуулалтад гаргахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар 388 борлуулалтын цэг дээр гэрээгээ хийсэн. Үлдсэн 12 цэг дээр ойрын хугацаанд гэрээ хийнэ. Энэ жил гудамж талбайн нэгдүгээр эгнээ буюу явган хүний, автомашины зам дээр түлшний борлуулалт хийхгүй байх шийдвэр гаргасан. Шинээр нэвтрүүлж байгаа түлштэй холбоотой иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Бид 2025 оны зургадугаар сарын 13-нд тендер зарлаж наймдугаар сарын 13-нд энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшээр нийслэлийн иргэдийг хангах бэлтгэл хангалаа.
Хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө хагас коксон түлшийн дээжийг Монгол Улсын шинжлэх ухааны академи, Химийн хүрээлэн, Хятад, Орос, Солонгос болон бусад орнуудын лаборатори дээр бүх туршилтыг хийлгэсэн. Бидэнд ирүүлсэн хариуг товч танилцуулахад хүхэрлэг хий сайжруулсан түлштэй харьцуулахад 89.2 хувиар, азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувь, нийт тоосонцор 68 хувиар буурсан дүгнэлт гарсан.
Монгол Улсын болон олон улсын лабораториудаас ирсэн дээрх дүгнэлт дээр үндэслэн нийслэл Улаанбаатар хотын иргэдэд хагас коксон түлшийг хэрэглүүлэх шийдвэр гаргасан.
Улаанбаатар хотын хэмжээнд 172 мянган айл өрх нүүрс түлдэг. Мөн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор 15-20 мянган айл өрх дээрх үзүүлэлт дээр нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдийн нүүрсний хэрэглээнд коксон түлшийг нэвтрүүлж, түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх тал дээр хяналт шалгалт тавьж ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх шийдвэр 2014 оны наймдугаар сарын 1, аравдугаар сарын 1, мөн 2025 оны наймдугаар сарын 1-нд буюу нийт гурван удаа нийслэлийн Засаг даргын захирамж болон, Засгийн газрын тогтоолын дагуу гарч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Өнгөрсөн жил буюу 2024-2025 онд нийт 87 мянган түүхий нүүрс хэрэглэсэн. Харин энэ жил холбогдох байгууллагууд шинэ түлшний хэрэглээнд нэвтрэх бэлтгэх ажлыг бүрэн хангасан түл түүхий нүүрс огт хэрэглэхгүй. Дээрх 87 мянган түүхий нүүрс хэрэглэснээр 300 мянган тонн хагас коксон түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэдэг гэсэн судалгаа гарсан. Тиймээс ААН-үүд ул ширмээ бэрхжүүлэх ажлыг хийж дуусгасан.
Есдүгээр сарын 15-наас эхлэн иргэд өмнө нь сайжруулсан шахмал түлш худалдан авахдаа ашиглаж байсан "Сайн" картаа ашиглаж хагас коксон түлшээ худалдаж авч болохоос гадна Хотула аппликейшн ашиглан худалдан авах боломжтой. Арванхоёрдугаар сарын 15-наас "Сайн" картны хэрэглээг бүрэн халж гар утасны аппликейшны хэрэглээнд шилжшүүлнэ. Энэ хугацаанд иргэд шинэ хэрэглээнд бүрэн дасах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж тооцсон.
Өмнө нь сайжруулсан шахмал түлш шуудайндаа 25 кг 3750 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол шинэ хагас коксон түлшийг 25 килограммыг нь 5000 төгрөгөөр худалдана. Өнгөрсөн жилүүдэд 60 гаруй мянган ухаалаг угаар мэдрэгч айл өрхүүдэд суурилуулж, нийслэлийн хяналтын системээр дамжуулж мэдээллийг нь хянадаг байсан. Айл өрхүүд угаарын хий гарсан талаарх ямар нэгэн мэдээлэл ирсэн тохиолдолд нийслэлийн хяналтын төв дээр мэдээлэл ирж 5-7 минутад арга хэмжээ авдаг систем нэвтрүүлсэн. Энэ жилийн тухайд мөн 51 мянган өрхийг энэхүү ухаалаг системд холбосон. Есдүгээр сард дахин 60 гаруй мянган айл өрхийг дээрх ухаалаг системд холбохоор төлөвлөн ажиллаж байна. Мөн есдүгээр сарын сүүлээр нийслэлийн төсөвт тодотгол хийхдээ 45 мянган айлыг ухаалаг системд холбох төсөв мөнгийг шийднэ. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хэмжээнд гал түлж байгаа 172 мянган айл угаарын ухаалаг хяналтын системд холбогдоно. Цаашлаад энэ өвөл угаардалт, угаардалттай холбоотой нас баралтыг бууруулж чадна гэж харж байна" гэлээ.