Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
"Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчиллөө. Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм.
Сүүлийн жилүүдэд манай улсад тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өсжээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, албандаа итгэх итгэл, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоолд тусгажээ.
Улсын хэмжээнд 2020-2025 оны байдлаар нийт 25095 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 3422 хүний амь нас эрсдэж, 8.2 сая гаруй толгой мал хорогдон, 12286 гэр, орон сууц барилга эвдэрч 30,7 сая га талбай түймэрт өртжээ. Аврах ажиллагаанд нийт 232045 хүн 53092 техниктэйгээр ажиллаж 140 тэрбум төгрөг зарцуулж, гамшиг, ослын улмаас нийт 11 их наяд 271 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сүүлийн таван жилд 33.3 мянга гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийг гамшиг осол, аюулт үзэгдлээс авран хамгаалсан байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
Засгийн газрын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны долоодугаар сарын 23-ны 29 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан байгууллага болгоход холбогдох судалгаа хийхийг үүрэг болгосон. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Иймд хууль эрх зүйн орчин бүрдэх хүртэл Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Цагдаагийн төв байгууллагын харьяа алба болох “Мөрдөн байцаах алба”-ны нэрийг “Мөрдөн шалгах алба”, “Хэрэг бүртгэх алба”-ны нэрийг “Гэмт хэрэг, зөрчил шалгах алба” гэж өөрчилллөө.
Улсын хэмжээнд 2021-2025 оны эхний хагас жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1021 гэмт хэрэгт 987 иргэн холбогджээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 112 гэмт хэрэг бүртгэгдэж, 97 иргэн яллагдагчаар шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн байна.
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 51 хувийг 13-25 насны хүүхэд, залуучууд эзэлж байна.