Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Уг өдөр НЭМГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран автомашины хөдөлгөөн хязгаарласан цэгүүдэд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжинэ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж харьцуулсан судалгаа хийх юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “2000 оноос дэлхий нийтээр есдүгээр сарын 22-ны өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэж ирсэн. 2007 оноос Монгол Улсад тус өдрийг тэмдэглэж байна. Улаанбаатар хотод 750 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 600 мянга орчим нь өдөр тутамд хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн нэг км квадрат нутаг дэвсгэрт дунджаар 1900 гаруй автомашин ногдож байна. Дэлхийн өндөр нягтшилтай хотуудтай харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт. Тээврийн хэрэгслээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэд хэдэн бодис ялгардаг. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын ислийн нэгдэл, нарийн ширхэгтэй тоосонцрууд ялгарч байдаг. Мөн чимээ шуугианы бохирдол бий болгодог. Нэг өдөр ч гэсэн орчны бохирдлоос сэргийлэн автомашинаас татгалзахыг уриалж байна” гэлээ.
ЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Автомашингүй бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл буюу сурроныг нэвтрүүлэхгүй. Мөн энэ өдөр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Автомашингүй бүсчлэлээс бусад гудамж, замд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилсэн хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас “Автомашингүй өдөр” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюулгүй зорчуулахаар гудамж, замуудад хяналт, шалгалт явуулж ажиллана” гэлээ.