Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна

Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна

Хуваалцах Жиргэх

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, нийслэлийн Татварын газар хамтран энэ сарын 1-нээс эхлэн уг ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 28 цэгт 300 гаруй албан хаагч энэ оныг дуустал хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг төлөх үүрэгтэй байдаг. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг И-Монголиа, etax.mta.mn Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон Ebarimt, арилжааны банкны аппликейшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандан, төлөх боломжтой.

Харин хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дугаар зүйлд зааснаар “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” хэмээжээ. Иймд эдгээр эрсдэлээс сэргийлж тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн хугацаанд татвар, төлбөрөө төлөхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд