ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: АЛТ-3 АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОГТООЛД ХЭСЭГЧЛЭН ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: АЛТ-3 АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОГТООЛД ХЭСЭГЧЛЭН ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА

2025 оны хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлаас “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тухай 85 дугаар тогтоолыг баталсан билээ. Гэвч уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавьсан.

Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавихдаа дараах хоёр үндэслэлийг дурдсан юм:

1. Байгаль орчныг хамгаалах бодлоготой нийцээгүй

Тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулахаар тусгасан нь улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг өөрчлөх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх төрийн бодлогын эсрэг зөрчилдөж байгаа тул хориг тавих үндэслэл болсон байна.

Ерөнхийлөгчийн байр суурь нь:

Байгалийн бүс, унаган төрхийг хамгаалах;

Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн болох экологийн тэнцвэрт байдлыг хадгалах;

Цөлжилттэй тэмцэх, ховор амьтан ургамлыг хамгаалах нь төрийн тууштай бодлого байх ёстой гэсэн зарчимд үндэслэжээ.

2. Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй байж болзошгүй

Тогтоолын 3 дугаар зүйлд “2025 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн заасан нь Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаанд нөлөөлж, Үндсэн хууль болон холбогдох хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон бүрэн эрхийг зөрчих эрсдэлтэй гэж үзсэн байна.

Тиймээс Ерөнхийлөгч УИХ-ын даргад хүргүүлсэн албан бичгээр уг тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан бөгөөд хууль тогтоомжид заасан журмын дагуу уг хоригийг хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-д уламжилсан. Тэгвэл энэ асуудлаар Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.16/ хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

• ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ.

• Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

• “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 54 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонслоо.

• “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон Сангийн сайдын мэдээллийг сонсоно.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд