Ж.Оджаргал: Бид хандив өгсөн гишүүдээсээ юм гуйж үзээгүй, гуйх ч үгүй

Ж.Оджаргал: Бид хандив өгсөн гишүүдээсээ юм гуйж үзээгүй, гуйх ч үгүй

MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Стратегийн орд гэж юуг хэлэх вэ гэдэг анхнаасаа ойлгомжтой байх ёстой. Ямар ч хөрөнгө оруулагч ард түмэн, орон нутагтаа өгөөжийн 50-аас дээш хувийг өгөхийн төлөө хичээнэ. Үүний төлөө ажиллахад бэлэн. Гол нь хөрөнгө оруулалт хийхээс  өмнө хэлэлцэн тохирсон, зүйлээ л биелүүлдэг байх ёстой. 

Стратегийн орд гэх нь буруу гэж боддог. Хуучин томъёоллоор үндэсний нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш борлуулалттай бол стратегийн орд газар гэж нэрлэсэн байдаг. Гэвч одоо эдийн засаг томорч байна. Стратегийн бүтээгдэхүүн гэж байх нь зөв болов уу. Тэр нь уран ч юм уу  гарцаагүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүнээр нь заах хэрэгтэй. Үгүй бол стратегийн орд гэхээр нүүрс, алт бүгд стратегийн орд байх боломжтой гэхээр хөрөнгө оруулагчид ордын нөөцийг олсон ч стратегийн байвал авна гэх айдастай болно. Ийм байж болохгүй. 

-Ард түмний баялгийг хулгайллаа, Ухаа худгаа авъя гэх мэтээр хөдөлгөөнүүд өрнөөд байна. Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?

-Тэр бол буруу ойлголт. Зориудаар тийм худлаа мэдээлэл цацсан гэж ойлгож байгаа. Энэ бол төрийн бүх байгууллага оролцсон, бүх л яам оролцсон. Ажлын хэсэг гараад 4 сар хэлэлцээр хийгээд, төр эзэмшлийн хувиа өгчихсөн байгаа. Төрийн бүх л байгууллагын албан ёсны бичиг баримт нь байгаа. Тиймээс бид стратегийн ордын хүрээнд хууль номын дагуу төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд, хувийн хэвшилтэй хамтран эзэмшвэл 50 хүртэлх хувийг эзэмших ёстой гэснийг бид давуулан биелүүлээд 96 хувиа өгчихсөн байгаа. Энэ бол ямар ч маргаангүй хуулийн дагуу хийсэн төсөл. 

-Өнгөрсөн хугацаанд танайх энэ төсөлд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн үү. Анх Засгийн газартай гэрээ хийх үед ямар нөхцөл байдал үүсэж байсан бэ?

-2007 онд Ашигт малтмалын тухай хууль гараад стратегийн ордуудыг төсвийн хөрөнгөөр хайгуул хийнэ. Хувийн хэвшил 50 хүртэлх хувийг эзэмших ёстой. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн бол 34 хувь байна гэж заасан. Түүний дагуу бид төрд 50 хүртэлх хувийг өгөх ёстой байсан. Түүнийгээ давуулан биелүүлсэн. Түүнээс хойш бид 1 тэрбум ам.доллар орчмын хөрөнгө оруулалт хийсэн. Өмнөговийн бүст бид автозам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цэцэрлэг гэх мэтчилэн нийгмийн бүтээн байгуулалтууд хийсэн. 2024 оны эцсээр гаргасан дүнгээр 5 жилийн үйл ажиллагаанд ойролцоогоор 2.6 их наяд төгрөг улсын төсөвт төлсөн.  

Хандивын асуудалд зохион байгуулалттай гүтгэлэг явлаа. Хуулиараа нэр дэвшигчдэд тэдэн төгрөг өгнө гээд заасан байгаа. Тэр дагуу бид хуулийн хүрээнд өгч байгаа. Нэг ААН 30 сая төгрөг гээд гурван ААН өгвөл 90 сая төгрөг болно. Групп компанийн хувьд гурван компани нийлээд  нэг гишүүнд 90 сая төгрөг өгч болно. Энэ хүрээнд л бид ил тодоор өгч байгаа.

Бид нам үл харгалзан хулгай хийхгүй, ард түмнийхээ төлөө, бизнесийн эрх зүйн зөв орчин бүрдүүлнэ нийгэмд зөв ажилна гэж бодсон нэр дэвшигчдэд өгч байсан. Хэрэв ААН хандив өгөх нь буруу гэж үзэж байгаа бол хуулиа өөрчлөөд өгч болохгүй гэвэл бидэнд бүр л амар болно. Үүн дээр гүтгэлгийн чанартай зүйл л явсан.

Бид хандив өгсөн гишүүдээсээ юм гуйж үзээгүй, гуйх ч үгүй. Уулзаад холбоотой байх юм огт байхгүй. Бид бизнесийн эрх зүйн орчинг эрүүл байлгаад өгөөсэй, татварын эрх зүйн орчин зөв байгаасай, хөрөнгө оруулалт зөв татах эрүүл улс төрч их байгаасай гэж л хандив өгч байгаа гэлээ_ 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд