Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Р.Баатархүү, Б.Үнэнбат, С.Чинбат, Х.Бат-Эрдэнэ, Б.Ганзориг, Да.Пүрэвдорж, Г.Эрдэнэ-Очир, Г.Баянмөнх, Кожинов М.Александрович, Гуськов И.Владимирович, Г.Одхүү, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Г.Ганзориг, Г.Нямдорж, Ц.Мягмарсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч Р.Баатархүү, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж, Б.Түвшинжаргал, Б.Анхбаяр, Ц.Дэлгэрням, Б.Ганболд, шүүгдэгч Ж.Мөнхзориг, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Г.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б.Ганзоригийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Ж.Өнөржаргал, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.Үнэнбат, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Б.Ганболд, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч С.Чинбат нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцлээ.
Р.Баатархүү нарын 18 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн”, 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн”, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн”, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан”, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлд хамаарч буй тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.