НЭГ ХЭСЭГ НЬ ХУУЛИЙН ДЭЭР,  НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ХУУЛИЙН ДООР АМЬДРАХ ЁСГҮЙ

НЭГ ХЭСЭГ НЬ ХУУЛИЙН ДЭЭР, НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ХУУЛИЙН ДООР АМЬДРАХ ЁСГҮЙ

Өнөөдөр шүүгчдийн III чуулган Төрийн ордонд болж байна.  Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  "Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдрах ёсгүй"  хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Монгол Улсын шүүхийн бүхий л шатны шүүгчид төрийн ордонд болж байгаа гуравдугаар чуулганд оролцож байгаа. Би Монгол Улсын Ерөнхий шүүгчийг томилох үеэр 5 жилийн өмнө УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгээ хүргье гэж бодлоо. Энэ үг өнөөдөр хэр өөрчлөгдөв, бахь байдгаараа байна уу гэдэг дээр та бүхэн тунгаана биз ээ.

АТГ-ын тухайн үеийн тайланд авилгатай холбоотой гэмт хэргийн хохирол жилдээ 68 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн гэж дурдсан. Манай эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад маш том тоо. Гэтэл шүүхээр орж байгаа авилгын хэрэг жилдээ ганц хоёрхон. Энэ юуг хэлж байна вэ гэвэл Авилгал шүүх, хуулийн гадуур явж байна гэсэн үг.

Сүүлийн 30 жилийн бидний хамгийн том алдаа бол шүүхийн засаглалыг тогтоож чадаагүй. Том хэргүүдийг шийдэж чаддаггүй, Шүүгч, прокуроруудыг хэн нэгний хурууны дохиогоор хөдөлгөдөг тогтолцоо үйлчилдэг болсон. Танил тал, хөрөнгө чинээ, гар хардаг байдал газар авсан.

Шүүхийг хараат бусаар ажиллуулахын амин сүнс нь хараат бус томилгоо юм. Монгол Улсын иргэдийн нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор юм шиг ялгавартай үйлчилдэг байж таарахгүй. Энэ байдлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах ёстой. Иргэд шударга шүүх, засаглалын тогтолцоог хүсэмжилж байна.

Өнөөдөр ард түмний шударга ёсны хүсэмжлэл дээд цэгтээ буюу 90 хувьд хүрсэн.

Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдрах ёсгүй. Хүн бүр хуулийн дор эрх тэгш эрхтэй байх ёстой гэдэг асуудлыг иргэд маш их тавьдаг.

Гэтэл шүүгчдээ хараат бус байлгая гэж хуулийг нь өөрчилж үзлээ. Цалин хөлсийг нь нэмж үзлээ. Хараат бус болж чадаагүй. Монгол Улсад шүүгчид шиг 3,5 - 5 сая төгрөгийн цалин авдаг төрийн албан хаагч байхгүй.

Сүүлийн хоёр жилд Шударга бусын хонгил гэдэг үг хэллэг бий болсон. Өнөөдөр энэ хонгилын түлхүүр хэний гарт байна вэ. Өнөөдөр дээд шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагад томилохоос нь өмнө өргөдлийг нь бичүүлдэг болсон гэсэн. Танд хэн нэгэн улстөрчдөд ийм өр, ийм барьцаа байгаа юу.

Ард иргэд маань ходоодны өлсгөлөнг тэвчинэ, харин шударга ёсны өлсгөлөнг тэвчиж чадахгүй шүү гэж олон удаа хэлж байгаа. Эдийн засгийн том хэргүүд үнэн зөв шийдвэрлэгдэж явж байснаа дээд шүүх дээр очоод 100 хувь өөрөөр шийдвэрлэгдэж байгаа баримтууд их байдаг шүү гэлээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд