Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багш нар үндсэн цалингаа 3,5 сая төгрөг болгохыг шаардаж Төв талбайд өдөр бүр тайван жагсаал зохион байгуулж буй. Цаашид багш нар үндсэн цалингаа нэмэгдүүлж, дорвитой арга хэмжээ авах хүртэл үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна. Тухайлбал, энэ долоо хоног дуустал тайван жагсаал зохиож байгуулж үр дүн гарахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл багш нарыг ажил хаялт зарлана гэсэнтэй холбоотойгоор Боловсролын сайд П. Наранбаяр багш ажилтнуудын цалинг нэмэхийг дэмжиж байгаа ч ажил хаяхыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
П.Наранбаяр: 2023-2026 онд Үйлдвэрчний эвлэл Боловсролын яам хооронд хамтын хэлэлцээр байгуулж, 2026 он хүртэл цалинг 30 хувиас доошгүй нэмнэ, жил бүр цалингийн нэмэлт хэлэлцээрийг байгуулна гэсэн хоорондын амлалт байдаг юм. 2025 оны 2 дугаар сар гэхэд 17 хувь нэмсэн байв. Гэтэл 2025 оны 8 дугаар сараас ҮЭ шаардлагаа чангаруулж, үндсэн цалинг 2026 оноос буюу ердөө 2 сарын дараагаас эхлэн 3.5 сая болго гэсэн шаардлага тавих болов. Үндсэн цалин нэмэх шаардлагатай байгаа. Гэвч шаардлага бодитой, санхүүгийн эх үүсвэрийг тооцсон байх ёстой юм.
ҮЭ-ийн зохион байгуулж буй жагсаал, суултыг хүндэтгэн, шаардлага тавьсан анхны өдөр нь шаардлагыг өөрийн биеэр хүлээн авч, 10 дугаар сарын 5-нд гэж заасных нь дагуу хариуг албан ёсоор өгсөн болно. Мөн 10 дугаар сарын 8-нд буюу өчигдөр суулт хийж байгаа ҮЭ-ийн удирдлагын төлөөлөлтэй Ерөнхий сайд болон Сангийн сайдтай уулзуулж, бодит байдлыг тунгаан ярилцаж, боломжтой хувилбарыг албан ёсоор өгсөн болно. Ерөнхий сайд уулзалтын үеэр өнөөдөр 1 сая 483 мянга байгаа үндсэн цалинг 2026 оны 1 дүгээр сараас эхлэн 1 сая 850 мянга 30 гаруй хувиар өсгөж, 2026 оны 7 дугаар сараас эхлэн 80 гаруй хувь өсгөж, 2 сая 500 мянгад хүргэх, цалингийн бүтцийг илүү хүртээмжтэй болгох бодит шийдлийг санал болгож, улсын төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед УИХ дээр энэхүү боломжийг хэлэлцүүлэхийг холбогдох сайдад үүрэг болгосон.
Гэтэл ҮЭ 2026 оны 1 дүгээр сар гэхэд үндсэн цалинг шууд 3.5₮ сая болго гэсэн бодитой бус шаардлагаа тавьж, өнөөдөр 10 дугаар сарын 15-наас эхлэн ажил хаях тухай мэдэгдлээ Боловсролын яаманд ирүүлэв. Энэ шаардлагыг биелүүлэхийн тулд 2.8 их наядын цалингийн сангаа даруй 3.3 их наядаар нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь Монгол Улсын нийт цалингийн сангийн гуравны нэгээс илүүг эзлэхэд хүрнэ. Үндсэн цалинг 3.5 саяд хүргэхэд хугацаа, үндэсний хэмжээний зөвшилцөл, тодорхой төлөвлөлт хэрэгтэйг хэн хүнгүй ойлгож байгаа болов уу.
Бодит боломжгүй зүйлийг шаардсаар байна гэдэг, бодитой шийдэл, бүтээлч яриа хэлэлцээнээс татгалзсаар байна гэдэг нь багшийн цалингийн асуудлыг улс төржүүлсэн гэдэг нь тодорхой байна. Салбарын асуудлыг улс төржүүлэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ажил хаялт эхэлсэнээр юу шийдэгдэх вэ? Юу болох вэ?
1. Хууль бус ажил хаялт болоход хүрвэл ажил хаясан багш нар цалингийн орлогоороо хохирч, банкны өр зээлийн тойрогт улам шигдэнэ.
2. Эцэг эх, сурагчид сургуульд хичээллэж олох байсан боломжоороо хохирно.
3. Сурагчдын аюулгүй байдал алдагдаж, эцэг эхчүүд амар тайван ажиллах боломжоо алдана.
4. Хууль ёсны ажил хаялт гэж үзлээ ч гэсэн багш нар үндсэн цалингаараа орлогоо тооцуулж, нэмэлт орлогоо бүрэн алдсанаар банкны болон бусад төрлийн зээл гэх мэт санхүүгийн олон эрсдэлтэй улам нүүр тулна. Үйлдвэрчний эвлэл Ажил хаялтын санг хуулиараа бүрдүүлсэн байх ёстой ч ийм санг бүрдүүлж чадалгүй байсаар ирсэн.
Төсвийн бодит нөөц бололцоогоо харж, шийдвэрээ гаргахыг ҮЭ-д хандан уриалж байна. Засгийн газрын Ерөнхий сайдын зүгээс ажил хэрэгч санал тавьсаар атал, улс төржсөн ажилт хаялтыг зохион байгуулсанаар цэцэрлэгийн насны 250 гаруй мянган хүүхэд, сургуулийн 820 гаруй мянган хүүхэд хохирно. Ард нь ар гэр нь хохирно.
Өөрсдийн явцгүй улс төржилтөөр Монголын олон багш нарыг хөлдөө үрэхгүй байх нь ухаалаг шийдэл болохыг цаг хугацаа л харуулна.
Боловсролын сайдын хувьд багш ажилтнуудын цалинг нэмэхийг дэмжиж байгаа ч ажил хаяхыг эрс эсэргүүцэж байна гэв.