УИХ-ЫН ЧУУЛГАН: ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ 2 ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БУЦААЛАА

УИХ-ЫН ЧУУЛГАН: ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ 2 ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БУЦААЛАА

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.24/ үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж үдээс хойшхи хуралдаанаар санал хураалт явуулахаар боллоо. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээс Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа.

2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Хуулийн өөрчлөлтөд зөвшөөрлийн шат, дамжлагыг хялбаршуулах, аймаг, орон нутаг бие дааж түншлэлийн төсөл хэрэгжүүлэх боломжийг нээж өгч байгаа. Ингэснээр орон нутаг хөрөнгө оруулагчдыг татах, төсөл хөтөлбөрүүд хурдтай хэрэгжих, орон нутагт ажлын байр бий болох, төсвийн орлого нэмэгдэх боломжтой. Нийт 2026 онд 126 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээс 80 нь төсвийн хөрөнгө оруулалтаар, 50 төсөл хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа өмнөх мэдэгдэлд 33.5 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон байсныг дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, нөхцөл байдалтай уялдуулан орлогын төлөвлөгөөг бодитой түвшинд бууруулж тооцсон байна. Мөн төсвийн орлого бүрдүүлэх ажлын хүрээнд богино хугацааны стратеги хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, салбаруудын орлогын хувь хэмжээг тодорхойлж, ажлын эрэмбийг тогтоожээ. Үүнтэй уялдуулан бүх төслийг эрэмбэлж, орлого нэмэгдүүлэхэд шууд нөлөөтэй гэж үзсэн төслүүдийг тэргүүн ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд говийг усжуулах төсөл буюу Хэрлэн Тоонот, Орхон Онги зэрэг усны төслүүдээ тэргүүн ээлжид хэрэгжүүлэх үүднээс зураг төсөв, ТЭЗҮ-г дахин шинэчлэн тогтоох шаардлага үүссэн байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гарсан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31.6 их наяд төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 32.9 их наяд төгрөг гэснийг тус бүр 490 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах ДНБ-д эзлэх хувьд өөрчлөлт оруулахыг дэмжсэн нь төсвийн хүрээний мэдэгдэл дэх суурь тэнцэл ДНБ-ий хоёр хувь буюу түүнээс дээш хувьд ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг зөрчих, Төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу төсвийн зарлагыг өөрчилж болзошгүй байдал нь Монгол Улсын үндсэн хуулийн 25.1.7 дахь заасан заалттай зөрчилдөх нөхцөлүүдийг үүсгэж болзошгүй тул 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцаах нь зүйтэй гэж үзжээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд