ЭРЧИМ ХҮЧ, БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ САЙН БАЙНА ГЭВ

ЭРЧИМ ХҮЧ, БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ САЙН БАЙНА ГЭВ

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.10.29/-ийн хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгож, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Мөн ТБХ-ны 2025 оны 22 дугаар тогтоолоор байгуулсан 2026 оны Төсвийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, Байнгын хорооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний тайланг танилцуулав. Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд 238 хууль, тогтоолын 1044 заалт бүртгэлтэй байгаа. Хэрэгжилт дунджаар 46 хувьтай үнэлэгдсэн байна. Хуулийн хэрэгжилтийн хувьд Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудлын хүрээний 78 хуулийн 389 заалтын хэрэгжилт дунджаар 46.3 хувьтай гарсан. Үүнээс Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдын ажлын алба, Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам хуулийн хэрэгжилт хамгийн өндөр буюу 78.6-100 хувь, Эрүүл мэндийн яам, Сангийн яам болон Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яам хуулийн хэрэгжилт хамгийн бага буюу 17.7-26.7 хувьтай үнэлэгдсэн байна.

Гишүүдийн зүгээс хууль, тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа төр захиргааны байгууллага, агентлагууд болон яамдыг хариуцлагажуулах, хэрэгжилтийг хангуулах, хууль дагасан журмуудын боловсруулалтыг түргэвчлэх шаардлагатай байгаа гэсэн санал хэллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд