Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт УИХ дахь сөрөг хүчний бүлэг Засгийн газрын тэргүүнтэй мэтгэлцдэг уламжлалыг бий болгохоор Дэгийн хуульд өөрчлөлт оруулсан. Ингээд өнөөдөр хоёр дахь удаагийн мэтгэлцээнийг зохион байгуулах гэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Дундаж давхрагаа хэрхэн аврах вэ” сэдвийн хүрээнд асуулгаа бэлджээ. Монгол Улсад дундаж давхрага үгүй болж дээд, доод гэсэн хоёр давхрага бий болоод байна. Энэ нь эрх баригч намын алдаатай бодлогоос болж эдийн засгийн гажуудал үүссэнийг илэрхийлж байгаа юм. Улс орнуудын дундаж давхрага нийт эдийн засгийн эргэлтийг 80 хувийг бүрдүүлж, тухайн улсын айл өрхүүд хангалттай цалин хөлстэй байж гэмээн эрүүл, зөв тогтолцоотой эдийн засаг бүрддэг. Гэтэл Монгол Улсад нэг хэсэг нь хэтэрхий их баяжиж, нийт иргэд нь ядуурлын шугамд хүрч амьдарч байгаа нь эдийн засгийн алдаатай бодлоготой шууд холбоотой.
Тиймээс дундаж давхрагын айл өрхийн тоог эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь нэн чухал болоод байна. Гэтэл МАН-ын эрх баригчид айл өрхийн эдийн засаг, цалин мөнгийг нэмэгдүүлэх нь битгий хэл ард иргэдийн амьдралын доройтлын шалтгааныг ч тодорхой болгож, судалж чадахгүй түвшинд байгаа нь эрх баригчдын судалгаа, тооцоололтой холбоотой. Тэд Төрийн ордон тойрсон олигарх бүлэглэлийн амьдралын төсөөллөөр ард түмнээ бодож байгаа нь Засгийн газрын бодлого буруу гарахад хүргэж байгаа юм. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдтай дундаж давхрагын эдийн засгийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар мэтгэлцэж байр суурийг нь ард түмэнд хүргэхээр болжээ.