Б.Жавхлан: Нийт НӨАТ-ын буцаан олголыг 75 хувийг Е-barimt системд бүртгэлтэй иргэдийн 25 хувь нь л авч байна

Б.Жавхлан: Нийт НӨАТ-ын буцаан олголыг 75 хувийг Е-barimt системд бүртгэлтэй иргэдийн 25 хувь нь л авч байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаалт өнөөдөр /2025.10.31/ иргэдийн дансанд орно.

НӨАТ-ын орлого сүүлийн 10 жилийн хугацаанд 5.5 дахин нэмэгдэж, 2024 онд 5.8 их наяд төгрөгт хүрсэн байна. 

Үүнийг дагаад буцаан олголтын дүн тав дахин нэмэгдэж, зөвхөн өнгөрсөн онд нийт 612 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтод зарцуулсныг ҮСХ-ны тайлан харуулж байна.

Гэхдээ нийт буцаан олголтын 75 хувийг өндөр дүнтэй худалдан авалт хийсэн иргэд буюу "E-barimt" системд бүртгэлтэй 1.4 сая иргэний 25 хувь нь л авсныг Сангийн яам мэдээлсэн.

Иймд НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг оновчтой болгох, буцаан олголтын хүртээмжийг нэмэгдүүлэхээр хуульд өөрчлөлт оруулж байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцлоод байгаа юм. Тэрбээр Монгол Улсад татварын шинэчлэл хийхээр зэхэж байна. Энэ асуудал нь сүүлийн 3 жилийн турш яригдсан сэдэв бөгөөд УИХ болон Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг уг реформын бодлогыг боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэхийг онцлов. 

 

  • Хуулийн өөрчлөлтөд ирэх оны эхнээс 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг буцаан олгох бол 1 сая төгрөгөөс дээш худалдан авалтад 20 хувийг буцаан олгохоор тусгажээ. 

  • Харин 2027 оноос 500 мянган төгрөг хүртэл 100 хувь, 500 мянгаас 1 сая төгрөг хүртэл 50 хувь, түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалтад 20 хувийн татварын хөнгөлөлт үзүүлж үе шаттай тусгаад байна.

Ингэснээр төсөвт нийтдээ 4 их наяд төгрөгийн нөлөө үзүүлэх тооцоолол гарсан ч урт хугацаандаа татварын бааз суурь нэмэгдэж, иргэдийн татварын ачаалал буурна гэж үзсэн байна. 

2026 онд НӨАТ-ын орлого 7 их наяд төгрөг давах бол 1 их наяд гаруй төгрөгийг буцаан олгохоор тооцоолжээ.



Сэтгэгдэл

Нийт: 1 сэтгэгдэлтэй

  • Зочин (203.91.115.45)
    Буцаан олголт ороогүй байна
    2025 оны 10 сарын 31 | Хариулах
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд