Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдрийг чуулганы хуралдаанаар Ухаа худаг ба бусад ордыг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгээр түр хороотой холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Р.Батболд: Ухаа худаг ба бусад ордыг судлах, хянан шалгах түр хороо байгуулсан. Та өөрийнхөө ЗГ-ын үед хийсэн ажлыг шалгах нь хэр зөв бэ? Үүнээс өмнө ажлын хэсэг байгуулагдсан байсан шүү дээ. Одоо ажиллаж байгаа ажлын хэсэг ямар ч үр дүнгүй болно.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Ухаа худагаа шалгана л биз. Бусад бүх ордуудыг шалгана гэхээр Ардчилсан намын шалгах ажлыг унагаачихаж байгаа юм. Хяналт шалгалтын хуулиа зөрчөөд хүрээ хязгааргүй шалгана гэж байх боломжгүй. Өөрийнхөө хийсэн гэрээг өөрөө шалгах нь утгагүй. Бие биеэ тусад нь шалгая. Ухаа худагаа та нар шалгаад бусад ордуудыг бид шалгая.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тогтоолдоо өөрчлөлт оруулаад, эрхзүйн хувьд маргаангүй болгоё.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Оффтек гэрээг Л.Оюун-Эрдэнэ өөрөө шалгах нь буруу. Иймээс ухаа худагаа л шалгах ёстой. Ж.Баярмаа гишүүн бид 2 “Харбины” гэрээг шалгах санаачилга гаргасан. Энэ гэрээ хамгийн сүүлд хийсэн том үнийн дүн бүхий гэрээ. Иймээс түрүүлээд засах ёстой гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Сая Эдийн засгийн байнгын хорооны хурал хэдэн ч удаа хойшлов. Бид саяхан Харбиныг гэрээг хийсэн. Шалгахад асуудалгүй. Ухаа худагтай холбоотой шалгалтаа эхлээд хийх ёстой. Хамгийн томоос нь эхэлж шалгах ёстой. Хэний үед юу болсон байна гэдгийг яриад явах нь зөв өө. Иймээс энэ түр хороог дэмжиж өгөөч ээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд түр хороонд байх ёсгүй. Та өөрөө өөрийгөө шалгах гэж орж ирж байна. Та 5 жил ЗГ тэргүүлэхдээ шалгахгүй юу хийж байсан юм бэ?
Ухаа худаг гэж хадны мангаа мэт яриад явсан. Ухаа худагийн компанийн захиралтай 14 хоног тутам уулздаг байсан шүү дээ. Ер нь бол Ухаа худагаа шалгах ёстой. Би тэр ажлын хэсэгт чинь ормоор байсан. Даанч нууцаар гарын үсэг цуглуулчихсан байсан. Харбины гэрээгээ одоо засаж сайжруулах ёстой бол одоо л ярилцах ёстой. Ажлын хэсэг байгуулчхаад байхад яагаад төсвийг нь шийдэж өгөхгүй байгаа юм бэ? Биржийн үнээр худалдан авахыг айлын тал хүлээн зөвшөөрлөө гэсэн байгаа. 120 доллар байгаа нүүрсийг яагаад 57 доллар болгож бууруулсан юм. Хэрэв энэ үнийн зөрүүг шийдэж чадвал 10 тэрбум доллар олох ёстой гэх тооцоо байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Харбины гэрээг нягтлахыг би дэмжиж байгаа. Энэ гэрээ Ц.Элбэгдорж, Х.Баттулгатай холбогддог шүү. Мухар төмөр замыг яаж холбох вэ гэсэн асуудал яригдсан. Ингээд хоёр талын ЗГ MSC гэдэг компанигүйгээр шууд гэрээ байгуулсан. Нууц биш. Харбиныг яриад ухаа худагаа хойшлуулж болохгүй ээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ж.Баярмаа сард эхэлсэн байсан юм бол яагаад гялс нууцаар гарын үсэг зуруулсан юм бэ? 5 хувийн хямдрал үзүүлээч гэсэн хүсэлт БНХАУ-аас ирэхэд яагаад 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн юм бэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: ЗГ энэ гэрээг цуцлах боломжтой. 20 жил гацсан төслөө дахиад гацаая гэвэл гацаа л даа.
Ийнхүү ухаа худаг ба бусад ордуудыг хянан шалгах түр хороо байгуулах эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул тус санал уналаа. 92 гишүүнээс 46 гишүүн дэмжиж 50 хувиар санал дэмжигдсэнгүй.
Санал хураалтын араас зарим гишүүд уурлаж, бухимдан “Саналыг хүчингүй болго. Техник төхөөрөмж гацсан” гэж танхимд орилж байв. Ийнхүү тус асуудлаар МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авах хүсэлтийг хурал даргалагчид гаргасан юм. Иймд тус асуудлыг ирэх 7 хоногийн чуулганы хуралдаан руу хойшлууллаа.