Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, энэ онд Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинг дулаалсан бөгөөд эдгээр айлыг энэ сарын 15-наас төвийн хийн хангамжид холбож эхлэх юм.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийн халаалтын аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд дулаалгын аянд хамрагдсан өрхөд ажиллалаа. Эдгээр өрх нь цаашид хийн халаагуурын системд шилжих бөгөөд энэ хүрээнд ажлын явц, ашиглалтын заавар, аюулгүй байдлын талаар тухайн өрхөд танилцууллаа. Айл өрхийн гадна фасад, тааз, дээврийн дулаалгын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэсэн бөгөөд өрхүүд өөрсдийн зардлаар цонх, хаалга, шалны ан цав, завсрын дулаалга болон өнгөлгөөний ажлуудыг гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар дулаалгын ажил бүрэн дууссан айл өрхүүдийг арваннэгдүгээр сардаа багтаан хийн халаалтын системд холбох ажлыг эхлүүлээд байна. Хийн халаалтын систем нь өндөр настай болон биеийн хүчний ачаалал багатай иргэдэд зориулсан энгийн удирдлагатай, олон улсын стандартад нийцсэн технологи юм. Уг төхөөрөмжийн ашиглалт, өдөр, шөнийн горимын тохиргоо, аюулгүй ажиллагааны зааврыг НҮБ-ын Хүүхдийн сангийн сургалтын баг айл өрх бүрт очиж заана. Эхний нэг сарын хугацаанд иргэдийн хэрэглээний дадлыг тогтворжуулах зорилгоор тогтмол хяналт, зөвлөгөө өгч ажиллах юм. Ингэснээр өрх бүр төхөөрөмжийг бүрэн ойлгож, аюулгүй, тогтвортой хэрэглээний хэв маягийг хэвшүүлэх нөхцөл бүрдэнэ. Хүйтний улирлын саруудад 200,000 төгрөгийн хэрэглээний татаасыг хийн системд шилжсэн өрхүүдэд иргэний үнэмлэх болон "Hotula" аппликэйшнээр дамжуулан олгоно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн туршилтаар 10 кг хийн баллоныг 50–80 м.кв талбайтай байшинд таваас долоо хоног ашиглаж байсан. Тиймд тухайн өрхийн температурын тохируулгаас хамаарч хэрэглээний хугацаа их, бага байна" гэлээ.

Хийн төхөөрөмж нь хамгаалалтын зүрхэвч, холболтын мэдрэгч, угаар болон хий алдагдлын дохиоллын системтэй бөгөөд аюул илэрсэн тохиолдолд хий дамжуулалт автоматаар хаагдаж, мэдээллийг нэгдсэн удирдлагын төвд шууд дамжуулна. Иргэн дохиоллын дуудлагад хариу өгөхгүй тохиолдолд хяналтын баг 5–7 минутын хугацаанд тухайн өрх дээр очиж, арга хэмжээ авах юм.