Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Aplus.mn Боловсролын ерөнхий газартай хамтран сурагчдын сурах бичгийн түрээсийн захиалгын үйлчилгээг авсан билээ. Гэтэл бүхэл бүтэн улирал дуусах гэж байхад төрийн эрх бүхий байгууллага гэрээний журмаа зөрчиснөөс болж СУРАГЧИД СУРАХ БИЧИГГҮЙ ХОХИРЧ байна.
Энэ талаар тухайн байгууллага МЭДЭГДЭЛ гаргаад байна.
МЭДЭГДЭЛД, Манай байгууллага 2023 оны 10-р сарын 20-ны өдрөөс эхлэн Боловсролын ерөнхий газар-тай “Сурах бичиг хэвлэх, худалдах, түгээх ажил гүйцэтгэх” гэрээг, мөн 2024 оны 9-р сараас эхлэн Боловсролын яам-тай “Мэдээлэл солилцох” гэрээг байгуулан ажиллаж байна.
Мэдээлэл солилцох гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь Боловсролын сайдын 2024 оны 12-р сард баталсан А/261 дугаар журам-ын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус журмын хавсралтад заасан:
*75-р заалт: “Түрээсийн сурах бичгийн удирдлага”
*81-р заалт: “Ном, сурах бичгийн захиалга, түрээс, буцаах үйлдлийг автоматжуулах” гэсэн шаардлагуудын дагуу бид системийн хөгжүүлэлтийг хийж, ерөнхий боловсролын сургуулиуд болон хэрэглэгчиддээ цахим системээр дамжуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Мөн сурах бичиг хэвлэх, худалдах, түгээх гэрээний дагуу гүйцэтгэгч нь өөрийн цахим сайт болон аппликэйшн дээр сурах бичгийн захиалга авах, төлбөр төлөх, сурах бичгийг сонгох, захиалах, буцаах зэрэг үйлдлүүдтэй байх бөгөөд төлбөрийг 4 ба түүнээс дээш төлбөрийн хэрэгслээр төлөх боломжийг бүрдүүлэх; гэрээний хугацаанд захиалагч нь тухайн ажлыг бусад компанид давхардуулан олгохгүй байх нөхцөлтэйгөөр ажиллаж ирсэн болно.
Гэтэл төрийн эрх бүхий байгууллагууд энэхүү гэрээний заалтууд болон баталсан журмаа зөрчин, манай байгууллагыг сурах бичиг түрээслэх, захиалга авах, хүргэлт хийх эрхгүй хэмээн шийдвэр гаргаж 2025 оны 10-р сарын 28-ны өдрийн албан бичгээр аймаг, дүүргийн боловсролын газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна.
Иймд бид үүссэн нөхцөл байдлыг харгалзан, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч байгааг мэдэгдэж байна:
* Сурах бичгийн захиалгыг цуцалж, хэрэглэгчдийн төлбөрийг буцаан олгох,
* Ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлсэн бүх сурах бичгийг татан авах,
* Үүнтэй холбогдуулан гэрээний үүргээ зөрчиж, байгууллагад учруулсан хохирлыг тогтоолгохоор шүүхэд хандах арга хэмжээ авч байна.
Манай байгууллага шүүхийн шийдвэр гарах хүртэл сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож байгааг мэдэгдэж байна гэжээ. Түрээсийн сурах бичгийг эхний байдлаар 16500 сурагч захиалсан ч харамсалтай нь одоог хүртэл сурах бичгээ авалгүй хохироод нэгдүгээр улиралыг дуусгах гэж байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ? Уг асуудал жилийн жилд байсаар ирсэн нь нууц биш юм.