С.АМАРСАЙХАН: ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШАДАР САЙДАД АМЖИЛТ ХҮСЭЖ, АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

С.АМАРСАЙХАН: ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШАДАР САЙДАД АМЖИЛТ ХҮСЭЖ, АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Хуваалцах Жиргэх

Миний бие 2021 оноос Монгол Улсын Шадар сайдаар ажиллалаа. Энэ хугацаандаа Монгол төрийн ажлыг нэг ч өдөр цалгардуулалгүй, хүнд хэцүүгээс халиралгүй ажиллаж ирлээ.

Шадар сайдын алба бол маш онцлогтой, өндөр хариуцлагатай алба. Улстөрчөөс бүхий л талын мэдлэг мэдээлэл, байнгын бэлэн байдал, эрсдэл сорилт, цаг наргүй зүтгэл, анхаарал сэрэмж, хурдтай, мэдрэмжтэй шийдвэр, чин сэтгэл шаарддаг ажил.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Шинэ хоршоо хөдөлгөөн, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Уур амьсгалын Үндэсний хороо, “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүд, Монгол Улс - ОХУ, Монгол Улс - Кыргизстан, Монгол Улс – Узбекстаны Засгийн газар хоорондын комиссын дарга, Монгол Улс - ИБУИХУ-ын дугуй ширээний уулзалтын Монголын талын ахлагчийн ажил тус тус хамаардаг.

Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлууд эдгээр салбар, чиглэлд хууль эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбаруудын уялдаа холбоог сайжруулахад онцгойлон анхаарч, олон үр дүн, өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлсэн.

1. Бүсчилсэн хөгжлийн чиглэлээр:

Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал хариуцсан Шадар сайдын хувиар миний бие Бүсчилсэн хөгжлийн бодлогыг богино хугацаанд эрчимтэй эхлүүлж, Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон тусгуулж чадсандаа баяртай байна.

Орон нутгийн онцлогт тохирсон, бие даан хөгжих боломжтой, тухайн орон нутгийн оролцоонд тулгуурласан, цаг үеэ олсон, зөв төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эдийн засгаа чадавхжуулах нөхцөлийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд голлон анхаарч ажиллалаа.

2. Онцгой байдлын чиглэлээр:

2021 оноос хойш Онцгой байдлын алба хаагчдынхаа цалинг 3 удаа нэмүүлээд байна. Үүний үр дүнд 2020 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин 103, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувиар нэмэгдэж, мөн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцох нөхцөлийг бүрдүүллээ.

Төв, орон нутагт дахь Онцгой байдлын салбар нэгж, Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх аврах нэгжийг тоог 47 хувиар нэмэгдүүлж, хувцас хэрэглэл, албаны бэлэн байдал, нөөц хангалтыг 35 хувиар нэмэгдүүллээ. Дэлхий дахинд тулгамдаж буй гамшгийн нөхцөл байдал, сорилтуудтай уялдуулан олон улсын норм дүрэм, стандартуудыг үндэсний онцлогт тохируулан нутагшуулж, бүх салбарт даган мөрдөх, хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын салбарт “Эрсдэлийг бууруулах стандарттай стратеги”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна.

Монгол Улсад тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, хохирол, өртөнгийг тооцоолон, дата боловсруулалт, шийдвэр гаргалтад дэвшилтэд техник технологийг ашиглах боломж нөхцөлийг дээшлүүлж, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, нисдэг тэргээр түргэн тусламж үзүүлэх боломжтой боллоо.

3. Стандарт, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр:

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг Улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгаж, нийт 33 салбар, үйл ажиллагаанд стандартыг шинээр нэвтрүүлэн Бүсчилсэн хөгжилтэй уялдуулахаар заасныг үр дүнтэй хэрэгжүүлж байна.

Стандартын салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд стандартын үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэн бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, авлигаас ангид, цаг хугацаа хэмнэхэд онцгой ач холбогдолтой бүхий цахим платформыг нэвтрүүлж эхэлсэн.

Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих аюулгүйн үзүүлэлтийн үндэсний жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шинэчлэн боловсруулав.

4. Итгэмжлэлийн чиглэлээр:

Монгол Улсын Итгэмжлэлийн тогтолцоо, чадавх, үйл ажиллагааг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн нь онцлох чухал ажлуудын нэг юм. Ингэснээр Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн 140 гаруй улсын зах зээлд дахин сорилт шинжилгээ хийхгүйгээр шууд гарах бололцоо бүрдсэн.

Дэлхийн улс орнууд хамтдаа нэгдэж, олон улсын авлигын эсрэг стандартыг тогтоохоор ажиллаж байгаа энэ цаг үед ISO 37001:2025 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартын олон улсын анхны сургалтыг Монгол Улсад зохион байгууллаа.

5. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн чиглэлээр:

Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулахад хүнсний аюулгүй байдлын лабораториудыг чадавхжуулах, техник технологийг сайжруулах, тоог нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тавин ажиллалаа.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих аюулгүйн үзүүлэлтийн үндэсний жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шинэчлэн боловсруулав. Цацрагийн хяналтын лабораторийг чадавхжуулах, бэхжүүлэх зорилгоор бета спектрометрийн лаборатори байгуулахаар болов. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон төслийн хүрээнд худалдан авснаар 1 дээжид 40 минутанд 221 төрөл түвшинд тодорхойлох чадамжтай болоод байна.

6. “Шинэ хоршоо” хөдөлгөөний чиглэлээр:

Уламжлалт мал аж ахуйн салбарт сэргэлт авчрах уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөлллийг бууруулах зорилготой “Шинэ хоршоо” хөдөлгөөнд 99 мянган малчин нэгдэж, 10 гаруй хоршоо байгуулагдлаа.

Малчдаа дэмжих, эдийн засаг, нийгмийн харилцааг өргөжүүлэх, хоршиж нэгдэх санаачилгыг дэмжих хүрээнд “Шинэ хоршоо 2.0” хөтөлбөрийн судалгаа, төлөвлөлтийг хийж, бэлэн болголоо.

7.Чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр:

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд мөн “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур”, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсүүд багтдаг. Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чөлөөт бүсүүдийн үүрэг нэн чухал. Чөлөөт бүсийн тухай хуулиа боловсронгуй болгох, холбогдох дүрэм журмаа батлах, чөлөөт бүсийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тодотгол хийх, чөлөөт бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, дээрх чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил хийгдэж байна. Монгол, Хятадын “Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн 300 га талбайг дэд бүтцээр хангах ажил бүрэн хийгдэж дуусав. “Цагааннуур” чөлөөт бүсийн усан хангамж, харилцаа холбоо, цахилгаан, дулаан хангамжийн зураг зэрэг эхний ээлжийн дэд бүтцийн хангамжийн зураг төслийг боловсруулж дууслаа.

Монгол Улсын Шадар сайд нь Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын ахлагчаар ажилладаг учраас хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээн дэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд манлайлж оролцдог. Монгол Улсын эдийн засагт жилд хамгийн багадаа 1 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх хийн хоолойн төслийг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Ингэснээр Монгол Улс бүс нутагтаа эрчим хүчний томоохон тоглогч болох боломж бүрдэж буй юм.

Энэхүү хийн хоолойн маршрутыг дагасан томоохон хот суурин бий болохын сацуу үндэсний бүтээн байгуулагчид оролцож п олон мянган ажлын байр бий болох юм. Мөн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, Алтанбулаг болон Замын-Үүдийн чөлөөт бүс хооронд эдийн засгийн уялдаа холбоо бүхий бүсчилсэн хөгжлийн суурийг бодитоор тавихад гол амин судас нь байх болно.

Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүхий л ажлаа цөмийг энд дурдах боломжгүй тул цухас цухас өгүүлэв.

Эцэст нь Монгол Улсын Шадар сайдын албыг шинээр хүлээн авч буй УИХ-ын гишүүн Х.Ганхуягт дээрх бодлогуудыг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхийг захиж, Монголын ард түмний аюулгүй орчинд ажиллаж амьдрах баталгааг хангахын төлөөх үйлсэд нь амжилт хүсье.

🇲🇳Монгол төрийн алтан аргамж үргэлжийн мөнхөд тасралтгүй үргэлжилж, Монголын минь заяа өөдөө байх болтугай.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд