“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ХОТЫН ТӨВИЙН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ 20 – 25 ХУВИАР БУУРНА

“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ХОТЫН ТӨВИЙН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ 20 – 25 ХУВИАР БУУРНА

Хуваалцах Жиргэх

Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайвны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. 

“Нэгдүгээр тойрог зам” төслийн трасс нь Улаанбаатар хотын 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарч, нийт 24,8 км урттай үргэлжлэх бөгөөд 3029 нэгж талбарт газар чөлөөлөлт хийгдэж, иргэдэд нөхөн олговрыг олгох юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндэслэл, үр өгөөжийг Авто замын зурвасын судалгаа , Байр зүйн судалгаа, геологи геодезийн судалгаа, инженерийн судалгаа, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, Нийгэм санхүү эдийн засгийн эрсдэлийн судалгаа, байгаль орчны хувьд судалжээ. 


Нийгэм, хөдөлмөр эрхлэлтэд оруулах хувь нэмэр
Төслийн хамгийн чухал зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байна. Тодруулбал, төсөл хэрэгжсэнээр 3540 байнгын ажлын байр шууд бий болох бөгөөд үүний 85 хувийг орон нутгийн ажиллах хүчээр хангах боломжтой. Мөн шууд бус байдлаар 14160 ажлын байр бий болно. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд ажиллах хүчний өсөлтийг 2 хувь нэмэгдүүлж, хөдөлмөрийн дутуу ашиглалтын бууралтыг 26 хувь, ажилгүйдлийг 37 хувиар бууруулах тооцоолол гарчээ. 


Эдийн засгийн өгөөж
Төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тээврийн салбарын зардал, цаг хугацааны хэмнэлтээр хэмжигдэнэ. Тухайлбал, хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлснээр нийслэлийн замын түгжрэл 20-25 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 4.8-5.5 км/цагаар өснө. Мөн төсөл хэрэгжсэнээр ослоос үүдэлтэй нийт хохирлын зардал 50 хувиар буурах учир эд хөрөнгө, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах судалгаа гарчээ. 


Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл
Төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээг БОНХАЖЯ-ны сайдын 2014 оны А/117 дугаар тушаалаар баталсан аргачлал болон Дэлхийн банкнаас гаргасан “Байгаль орчны менежментийиг сайжруулах аргачлал, зөвлөмж”-ийн матрицын аргыг ашиглан гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр өдөрт ялгардаг 35.9 кг тоосжилт 239 дахин буурах тооцоог гаргажээ. Түүнчлэн барилгын ажлын үед газар шорооны ажлын улмаас хөрсөн бүрхэвч эвдэгдэж, гадаргын төлөв байдал өөрчлөгдөнө. Харин төсөл хэрэгжсэний дараа шинээр хөрс элэгдэж талхлагдах, эвдрэх, бохирдох нөлөө гарахгүй аж. Автозамын дагуу зүлэг, мод бут тарьж, биологийн нөхөн сэргээлт хийсний үр дүнд байгалийн үзэмж сэргэн, хүний үйл ажиллагаа болон газар шорооны ажлын улмаас эвдрэлд орсон газар нутаг талхлагдахгүй орчин бүрдэх бөгөөд хөрсний элэгдэл 40.2 дахин буурч, агаар болон хөрсний чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна. Зүлэгжүүлэлтийн талбай 14,500 м.кв-аас 256,400 м.кв хүртэл буюу 16.6 дахин нэмэгдэх нь хотын ногоон байгууламжийг өргөжүүлж, иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 3,000 орчим яндан устаж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд