Н.Учрал: Намын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө чандлан хэрэгжүүлнэ

Н.Учрал: Намын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө чандлан хэрэгжүүлнэ

Хуваалцах Жиргэх

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг нар өнөөдөр /2025.11.19/ Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийв.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал эхлээд “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор саяхан зохион байгуулагдсан Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль батлагдсантай холбогдуулан оны өмнө намууд үндсэн дүрэм, намын хөтөлбөр, зорилго, зорилтуудаа нийцүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаар Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээ нийцүүүлэн 122 зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Дээрх хуулийн дагуу жендэрийн тэгш байдлыг хангах үүднээс намын бүх шатанд удирдлагын 40 хувь нь хүйсийн аль нэг төлөөлөл байхыг тусгасан. Энэ өөрчлөлтийн дагуу анх удаа намын Удирдах зөвлөл, Бага хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл 40 хувийг хангаж буйгаараа онцлог боллоо. Мөн Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх үүднээс санхүүжилтийг олон нийтэд мэдээлж байх, намын төв байгууллагаас хяналт тавих зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгаж өглөө. Намын бүхий л үйл ажиллагаанд ёс зүй, сахилгын асуудлыг нарийвчлан зохицуулж өгсөн. Ёс зүйн стандарт мөрдүүлэх, ёс зүйн кодтой байх, намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг тусгасан. Намын шийдвэр гаргах тогтолцоонд анхан шатны байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын нэгжүүдийн хоорондын харилцааг нарийвчилсан тодорхой зохицуулалтуудыг тусгаж өглөө.

Мөн Улс төрийн намын тухай хуульд орсон өөрчлөлтөд намууд хөтөлбөрөө нийцүүлэх шаардлагатай байгаа. Энэ хүрээнд намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйлийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүллээ. Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйлийг хэрэгжүүлэх эрхэм зорилго гэсэн эхний бүлэгт тусгаар тогтнол, эх оронч үзэл санааг тухайлсан бүлэг болголоо. Тэгэхээр эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэсэн үндсэн үнэт зүйл бол намын үндсэн дүрэм, хөтөлбөр дээр тодорхой туссан байдаг бол тусгаар тогтнол, эх оронч үзэл санааг тусдаа бүлэг болгож авч үзсэнээрээ онцлогтой. Тусгаар тогтнолын үндэс болсон үндэсний язгуур соёл, хэл заншил, нүүдлийн соёл иргэншлийн өвийг хадгалан хамгаалах, мөн парламентын засаглалыг бэхжүүлэх, улс орны тусгаар тогтнолоо эдийн засгийн аюулгүй байдлаар хадгалж, хамгаалах үзэл санааг намынхаа хичээн эрмэлзэх зүйлд тусгаснаараа онцлог болж байна.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 330 сумаас сонгогдсон төлөөлөгчид тухайн дүүрэг, аймаг, сумынхаа намын гишүүдийн санал хүсэлтийг нээлттэй хэлэлцүүллээ. Ингэснээр Их хурлын 2255 төлөөлөгчийн санал бодлыг намын үндсэн дүрэм, хичээн эрмэлзэх зүйлд тусгаж өгсөн. Мөн Их хурлын төлөөлөгчид маань намынхаа Бага хурлыг байгуулсан” гэв.

“E4 стратегийн төслийг намын гишүүдээрээ хэлэлцүүлэн албан ёсны баримт бичиг болгон батлуулна”

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр /2025.11.18/ болсон намын Бага хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас Бага хурал 597 гишүүнтэй байгуулагдаж анхдугаар хуралдаанаа хийлээ. Анх удаа Бага хурлын гишүүдийн 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл багтсан. Ингээд Бага хурлын анхдугаар хуралдаанаар намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргалаа. Мөн Бага хурлын анхдугаар хуралдаанаас 39 гишүүний төлөөлөлтэй Удирдах зөвлөлийг байгуулж байна.

Удирдах зөвлөлд намын тодорхой албан тушаалтнууд, нийслэл, дүүргийн удирдах албаны хүмүүс, аймаг, анхан шатны нэгжийн төлөөлөл, намын дэргэдэх Төрийн бус байгууллагуудын төлөөллийг багтаадаг. Мөн Монгол Ардын намын орон тооны таван Нарийн бичгийн дарга, орон тооны бус гурван Нарийн бичгийн даргыг Бага хурлаас сонголоо.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд намын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө чандлан хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Удирдах зөвлөлийн анхны хурлаас намын гишүүдийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр намын гишүүдийг оноожуулах журам, гишүүдийн идэвх оролцоог дүгнэх журмыг батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Удирдах зөвлөлийнхөө дэргэд мөрийн хөтөлбөрийг үнэлдэг, дүгнэдэг, тайлагнадаг байнгын хороодыг байгуулж, түүгээрээ дамжуулан 2024 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө улирал тутам тайлагнаж эхэлнэ. Удирдах зөвлөлд бүс болгоны төлөөлөл болсон гишүүдийг сонгосонтой холбогдуулан Удирдах зөвлөлийн дэргэд бүсийн зөвлөлийг байгуулж бүс бүр дээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, намын мөрийн хөтөлбөрүүдэд тусгасан зорилго, зорилтуудаа тайлагнаж үнэлгээ дүгнэлт өгдөг болно. Хэрэв мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилго, зорилтууд биелээгүй бол улс төрийн дэмжлэг авч сонгогдсон сонгуульт албан тушаалтнуудтай хариуцлага ярьдаг тогтолцоо руу шилжинэ. Эрх үүргийн нэгдэл бол хариуцлага учраас үүнийгээ ярьдаг, ил тод нээлттэй гишүүн төвтэй нам болох зорилтыг дэвшүүлэх хүрээнд намын даргын зүгээс гишүүн төвтэй E4 стратегийг дэвшүүлсэн. E4 стратегийн төслийг намын гишүүдээрээ хэлэлцүүлэн албан ёсны баримт бичиг болгон батлуулна. Энэхүү төсөл нь ил тод гүйцэтгэл, үр ашиг, ёс зүй, шударга байдал, хариуцлага, манлайлал, залгамж оролцоо, эрх тэгш боломж, шударга ёс гэсэн агуулгад нийцэж байгаа. Гишүүн төвтэй E4 стратегийн гол зорилго бол ард түмнийхээ итгэлийг олж авах, намын гишүүдийнхээ идэвх оролцоог сэргээх, бүх түвшинд авлига ашиг сонирхлоос ангид байх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн гол зорилтуудыг тавьж байна. Санхүүжилт ил тод, хариуцлагатай болсноороо өнөөдөр үүсээд буй авлига ашиг сонирхлын хэргүүдтэй нэр холбогддог, үүнээс болж намын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг байдлыг үндсээр нь өөрчлөх зорилгын хүрээнд тогтолцоогоо өөрчлөх зорилтыг дэвшүүлж байгаа юм” гэв.

Н.Учрал: Бага хурлын анхдугаар хуралдаанаас Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллуулах чиглэлийг Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэгт өгөх тухай тогтоолыг баталсан

Монгол Ардын намын дарга Н.Учрал сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөө байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Намын Бага хурлын анхдугаар хуралдаанаас Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллуулах чиглэлийг намын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэгт өгөх тухай тогтоолыг баталсан. Миний хувьд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг өөрөө ахалж боловсруулсан бөгөөд УИХ-аар хэлэлцүүлгийг хийж байна. Тийм учраас Засгийн газрын бодлого, чиглэл бол миний сэтгэл, үнэмшил болоод Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, намын хөтөлбөртэй уялдаж байна гэсэн үг. УИХ-ын сонгуулийн дараа ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд экспортыг 1.7 дахин нэмэгдүүллээ, валютын нөөцийг хадгалж байгаа зэрэг эдийн засгийн хувьд тоогоор илэрхийлэгдэх сайн үзүүлэлтүүд гарч байна. Дээрээс нь Засгийн газрын авлигатай тэмцэж байгаа, уул уурхайн чиглэлийн ил тод байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байгаа бодлого, үйл ажиллагааг намын даргын хувиар бүрэн дэмжинэ. Тиймээс Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа бол манай улс төдийгүй дэлхий дахинд олон улсын геополитикын нөхцөл байдалд, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа цаг үед асарчухал юм ” хэмээв.

Мөн Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар мэдээллийн үеэр парламентад 68 суудалтай олонхийг бүрдүүлж буй намын хувьд УИХ-ын даргад нэр дэвшүүлэх талаар удахгүй хэлэлцэн шийдвэрээ гаргана гэлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд