БОХХААБХ, ЭЗБХ: ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ

БОХХААБХ, ЭЗБХ: ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан өнөөдөр /2025.11.20/-ийн хуралдаанаар Халзан бүрэгтэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцлээ.

Тайланг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Parliament.mn цахим сүлжээ, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж, сонсголд 168 хүн оролцохоор бүртгүүлснээс 132 иргэн оролцсон байна. “Халзан бүрэгтэй” нь газрын ховор элемент бүхий орд газар юм. Одоогоор хайгуулын шатанд явж байгаа цаашид ашиглана.

Ажлын хэсгээс Халзан бүрэгтэйн ордыг ашиглахаас өмнө байгаль орчны үнэлгээг хийж, холбогдох яамд шинжлэх ухаанд суурилсан дүгнэлт гаргах шаардлагатай. Газрын ховор элементийг ашиглах талаарх хууль эрх зүйн орчин хангалтгүй, орон нутгийн иргэдэд төслийн үйл ажиллагаа, үр ашиг, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл муу өгсөн. Гадаад хөрөнгө оруулалтыг татахад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Танилцуулгатай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд олон улсад газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлдэг сайн жишиг олон бий. Иймд, улс төржилгүйгээр Халзан бүрэгтэйн орд газрыг хуулийн хүрээнд, олон улсын норм, нормативыг мөрдөж ажиллан, иргэдэд зөв мэдээллийг өгч, улс орны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргаанд чухал нөлөө үзүүлэх шаардлагатай гэсэн санал хэллээ. Халзан бүрэгтэйн орд газарт уран олборлох бус газрын ховор элементийн хайгуулын ажил хийгдэж байгаа. Хайгуулын ажил 10-20 жил үргэлжилж, дараа нь ашиглалтын асуудал яригддаг гэдгийг иргэдэд зөв ойлгуулах, мөн төр тусгай зөвшөөрөл олгосон бол хамгаалдаг байх нь чухал гэдгийг гишүүд хэлж байлаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд