Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Н.Учралын УИХ-ын даргаар сонгогдоод хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын дарга Н.Учрал:УИХ-ын эрхэм гишүүд ээ!
Ард түмний элч төлөөлөгчид өө!
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргаар ажиллах итгэл хүлээлгэсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир миний бие ард түмнээс уг сурвалжтай, эх ундаргатай ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно. Ард түмний элч төлөөлөгчдийн олон ургалч үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөлөл, оролцоотой парламент мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээх болно.
Монгол Ардын намд гарсан зөрчил тэмцэл төр, Засгийн газар, парламентын хэвийн тасралтгүй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлснийг шударгаар хүлээн зөвшөөрч, ужгирсан алдаагаа уг сууриар нь засах ажил эхэлсэн. Улс орны эрх ашгаа эн тэргүүнд, улс төрийн намын асуудлаа хойш нь тавьж, Үндсэн хууль дээдлэн сахих өргөсөн тангаргаа баримталж, хууль тогтоох үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг Та биднийг элч төлөөлөгчөө болгосон олон түмэн шаардаж байна. Олон ургалч үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол улсын язгуур нийтлэг эрх ашиг, гагцхүү шударга ёсонд суурилсан эв эеийг хичээн улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.
Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд гишүүн гэмт хэрэгт шалгуулаад байгаагаас болж унаагүй. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө.
1-рт, Парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх
2-рт, Судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан, цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах
3-рт, Олон ургалч үзэл, бодлогын мэтгэлцээний талбар байлгах
4-рт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвшихөд оршино
Эдгээр дөрвөн зорилтыг УИХ-ын даргын хувьд баримтлан ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрхийг барих парламентын засаглал бэхэжнэ.
Миний бие төрийн эрх барьж буй Монгол Ардын намын дарга боловч Үндсэн хуулиа ягштал сахин баримталж, УИХ-ын гишүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа ялгаварлалгүйгээр эрх тэгш, хүндэтгэлтэй хандах болно.
УИХ-ын дарга бол УИХ-ын гишүүдээс илүү эрх эдлэх биш илүү үүрэг хүлээсэн ажил алба, УИХ-ын гишүүдийн санал бодол, байр суурь, олонхын саналаар хэлэлцэн гаргах шийдвэрт нөлөөлдөг давуу эрхтэй албан тушаалтан биш. УИХ-ын дарга бол УИХ-ын бусад гишүүдтэйгээ адил ард түмнээс сонгогддог, УИХ-ын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэн гэдэг итгэл үнэмшлээсээ би ухрахгүй.
Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой. Үндсэн хууль, хууль дээдлэх ёсны өмнө нам улс төрийн нам , нас хүйсийн ялгаа зааг, ямар ч дабль стандарт байх учиргүй. Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч төлөөлөгч. Илүү тусгай эрх дархтай, ард түмэнд зааж зааварладаг дарга нар биш.
Улс төрийн намын бус улс орны, ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлан хэлэлцэн баталж байх нь Та бидний Онцгой үүрэг билээ.
УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжууд хийдэл давхардалтай, бие биетэйгээ зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцаа зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно.
Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд намчирхалгүйгээр хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байж, шийдлээ хүлээсэн асуудлын гарц шийдлийг олж, хүний эрхийг зөрчсөн, улс орны хөгжилд саад болсон хуулийн гох дэгээг тайлж ажиллах болно. Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны биелэлтэд парламентын хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж шаардаж ажиллана.
Монгол Улсын 5 жилийн Хөгжлийн үндсэн чиглэл, тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байгааг 36 сар болгох зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлагыг шуурхай мэдрэн санал, санаачилгатай ажиллахыг та биднээс цаг үе, бодит нөхцөл байдал шаардаж байна.
УИХ-ын хэлэлцэн баталж буй тогтоол шийдвэр бүхэн монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлан бататгах, чөлөөт нийгмийн харилцааг төгөлдөршүүлэхэд чиглэгдэх учиртай.
УИХ энэ өдрүүдэд “Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэмжиж болохуйц, хүрч болохуйц, цаг хугацаатай, бодит байх шаардлагад үндэслэн шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулсныг хэлэлцэж байна.
Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг бататгах, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө гарц шийдэл, санал бодлоо уралдуулж ажиллахыг бодит нөхцөл байдал сануулж байна.
УИХ төрийн зуршлаас хувийн хэвшлийг чөлөөлж, төрийн оролцоог хумьж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарах ёстойн УИХ-ын хэлэлцэн баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого ДНБ-ий харьцааг 2026 онд 30.9 хувь, 2027 онд 29.3 хувь, 2028 онд 28.2 хувь болгон бууруулах зорилт тусгагдсан нь төрийн оролцоо багасаж, зах зээлийн боломж улам өргөжихийн эхлэл болсон. Төсвийн нийт зардал ДНБ-ий харьцааг 2028 он гэхэд 28.6 хувь болгон бууруулснаар төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлаж, мөнгөний бодлоготой уялдан дунд хугацаанд инфляцыг бууруулах нөхцөл бий болно. Энэхүү орон зайд Засгийн газраас олон нийтийн хэлэлцүүлэгт байгаа “Татварын багц хууль”, Хувийн өмч хөрөнгийг хурааж нийгэмчлэх, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон, эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг УИХ намрын чуулганаар батлах болно. Эдийн засгийн эрх чөлөөтэй зөрчилдөж болзошгүй 228, шууд зөрчилдөж буй 110 хууль, нийт 378 хуулийг хиймэл оюунд тулгуурлан илрүүлсний гох дэгээг энэ хуулиар тайлж байгаа шиг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 430 гаруй хуулиас эдийн засгийн эрх, эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулиуд дээр хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж нэмэлт өөрчлөлт оруулна. Хуулиас давсан журамгүй журам, дүрэмгүй дүрмийг хориглоно.
Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллах хууль эрх зүйн орчноо өөрчлөх нь хөгжлийн гарц мөн. Хөрөнгө оруулалтыг дагаад дэвшилтэт шинэ технологи, шинэ соёл, хийх ажил, олгох цалин, төлөх татвар нэмэгддэг. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу хийхгүйгээ мэддэг цомхон төр болох эрх зүйн эрүүл саруул орчныг эн танхимд бүрдүүлэх хэрэгтэй.
Бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор татвар, нийгмийн даатгалын тогтолцоонд бодит шинэчлэл хийх шаардлага тавигдаж байна.
Татварын шинэчлэлийн үр дүн нь төрийн зуршлыг халж, хувийн хэвшилд орон зай, хөгжих зам нээхэд оршино. Төсвийн тэлэлтийг хазаарлах нь цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын дарамтыг буулгах болно.
Аж ахуйн нэгжүүд монгол хүнд ажил олгож, цалин өгч, илүү урамшуулж үнэлснийхээ төлөө илүү их шимтгэл төлөөд байвал халамжаас хөдөлмөрт бодлого бодит ажил хэрэг болохгүй байна. 2021 онд УИХ-ын гишүүний хувиар санаачилж байсан Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хуулийг баталж, олон давхаргат тогтолцоонд шилжүүлж, ахмад настан олон төрлийн сангаас тэтгэвэр авах бололцоо нь 2030 онд тэтгэврийн хэмжээг ажиллагчдын дундаж цалингийн 35 хувьд хүргэх хөшүүрэг болно.
Данхар том төрөөс ухаалаг цомхон төрд шилжихийн тулд чиг үүргийн хийдэл давхардлыг арилгах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, гэрээгээр гүйцэтгүүлэх, төрийн албанд үр дүн, гүйцэтгэлд үндэслэсэн, нэмэгдлийн систем нэвтрүүлж, хийснийхээ хэрээр авдаг болох, үндсэн ажлаас гадна нэмэлт орлого олдог эрх чөлөөтэй байх нь цомхон төр болох хууль, эрх зүйн эрс өөрчлөлт, шинэчлэл нэн шаардлагатай байна.
УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг УИХ яаралтай баталж УИХ хяналт тавьж, төрийн хувийн хэвшилтэй өрсөлдөх компани цаашид байгуулахыг хуульчлан хориглох, ТӨК-иудыг хувьчлах, татан буулгах, нэгтгэх, олон улсын аудит оруулах, нээлттэй компани болгох ажлыг шуурхайлахад ташуур өгөх ёстой.
Эрүүл, тогтвортой эдийн засгийн тулгуур нь үр ашигтай, өрсөлдөөнтэй, хүртээмжтэй санхүүгийн сектор юм.
Гадаадын банкны салбар, нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлыг идэвхжүүлнэ. Ингэснээр, өрсөлдөөн нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. Цаашид банкны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Банкны реформыг эрчимжүүлж, эх үүсвэрийн зардлыг бууруулах, инфляцын түвшин тогтворжих орчныг бүрдүүлэх замаар санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг аажмаар бууруулах боломжийг тэлнэ.
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлж, урт хугацааны хариуцлагатай, хөрөнгө оруулалт татах эрх зүйн шинэчлэлийг эхлүүлнэ. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлж, менежментийг олон улсын жишигт нийцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно.
Өнөөдөр дундаж тэтгэврийн хэмжээ 867 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 төгрөг байгаа бөгөөд дундаж тэтгэврийн зээлийн хэмжээ 6.4 сая хүү 16.4 хувь байна. Санхүүгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 24 сар байгааг 36 хүртэлх сар болгож, ахмадууддаа ээлтэй болгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
Даатгалын зах зээлийг олон улсын сайн туршлагад нийцүүлэн шинэ шатанд гаргаж, салбарын эрх зүйн орчныг иж бүрэн шинэчилж, тогтвортой өсөлтийг хангах эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлнэ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар удирдаж, хараат бус, ил тод, хариуцлагатай засаглал бүхий тогтолцоог хуулиар бүрдүүлнэ. Орлогод суурилсан, зорилтот бүлгийг дэмжих орон сууцжуулалтын бодлогын хүрээнд хөнгөлөлттэй ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлж, бодит хэрэгцээтэй өрхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, Үндсэн хуулиа сахин баримталж, эрх зүйн эрүүл орчныг бүтээхийн төлөө олон ургалч үзэл бодлоо уралдуулцгаая
Монгол улсынхаа Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө ажиллацгаая
Мөнх тэнгэрийн доорх Монгол Улс мандан бадрах болтугай!.