“Багахангай-Хөшигийн хөндий” төмөр замын төслийн дараагийн шатны санхүүжилтийг олгохоор болжээ

“Багахангай-Хөшигийн хөндий” төмөр замын төслийн дараагийн шатны санхүүжилтийг олгохоор болжээ

“Багахангай-Хөшигийн хөндий” төмөр замын төслийн дараагийн шатны санхүүжилтийг олгох болсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.11.25) төмөр замын төслийн барилгын ажлыг гардан гүйцэтгэж буй ААН, компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дотоодын ААН, компаниудын төлөөлөлд хандаж хэлсэн онцлох үгсийг тоймлон хүргэж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Өнөөдөр 2025 оны 11 дүгээр сарын 25. Одоогоос найман сарын өмнө бид яг энэ зааланд “Багахангай хөшгийн хөндийн салбар төмөр зам барих төслийн ажлыг эхлэхийн өмнө анхны уулзалтаа хийж байсан. Өнөөдөр төслийн бүтээн байгуулалтын ажил 96 хувьтай, ахицтай урагшилж байна.

Та бүхэн ажлаа хариуцлагатай сайн хийлээ. Сайдын зүгээс болон ЗТЯ-ны хамт олны нэрийн өмнөөс та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.

Төр засгийн ажил удааширснаас та бүхнийхээ ажлын хөлс, санхүүжилтийн асуудлыг хэсэг хугацаанд гацааж, багаггүй хүндрэл учруулсандаа албан ёсоор хүлцэл өчиж байна. Гэсэн ч төр засаг өнөөдөр санхүүжилтийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, төр иргэнээ хохиролгүй болгохоор дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Энэ хугацаанд та бүхэн “Монголчууд төмөр замаа өөрсдөө барьж чаддаг” гэдгийг энэ төслийн ажлаар батлан харуулж байна.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор бид хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлчүүдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлнэ. Улаанбаатар хотын дундуур тээвэрлэдэг 34 төрлийн аюултай ачаа тээврийг хотоос гаргах, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг тэлэх Засгийн газрын бодлогтой уялдсан олон чухал буянтай ажлыг амжуулж байгаа гэдгийг дахин онцолж хэлье.

Тиймээс өнөөдөр хэнийг ч хохироохгүй байх үүднээс “Монголын төмөр зам” ТӨХК санхүүжилтийг олгохдоо үндсэн гэрээлэгч компаниуд туслан гүйцэтгэгч компаниуд, тэдний ажилчдыг хохиролгүй болгох үүднээс хэн хэнийгээ хянасан, шударга зарчмаар санхүүжилтийг олгоно. Өөрөөр хэлбэл, үндсэн гэрээлэгч компани туслан гүйцэтгэгч компанийнхаа санхүүжилтийг бүрэн шилжүүлсний дараа баримтаа үзүүлээд, үлдэгдэл санхүүжилтээ авах зарчмаар ажиллана.

Маргааш хэдийгээр “Бүх нийтийн амралтын өдөр” ч гэсэн “Монголын төмөр зам” ТӨХК амрахгүй ажиллана. Та бүхэн өнөөдөр ажлын гүйцэтгэл, санхүүжилтийнхээ тооцоог дахин нягталж, тооцоогоо шуурхай нийлүүлэх. Аль ч шатандаа хүндрэл чирэгдэлгүй, хохирол гомдолгүй хамтарч ажиллахыг хүсье.

Асууж тодруулах зүйл гарах, санал гомдол байвал надтай чөлөөтэй холбогдож болно. Би утсаа үлдээж байна” гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд