Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Хүний юманд хүйтэн сэтгэлээр хандаж” болдгийн сонгодог жишээг төрийн өмчит компаниуд түүчээлээд удаж байна. Хувийн хэвшил таван “цаас” олохын төлөө хуруу хумсаа хугалан зүтгэж байхад нөгөө талд ямар ч өрсөлдөгчгүйгээр салбараа базсан төрийн өмчит компаниудын данс хоосорч, эсрэгээрээ захирлуудынх нь хэтэвч зузаардаг “схем” амь бөхтэй оршсоор байгаа нь нууц биш!
Тухайлбал, 2023 оны байдлаар 15 сургууль, 25 цэцэрлэг, 12.500 багш, эмчийн жилийн цалин, 20.833 ахмад настны жилийн тэтгэвэр олгох хэмжээний мөнгийг ТӨК-иуд алдагдалтай ажилласнаар алдсан байна!
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Манай ТӨК-иуд яг үнэндээ засаглалын хамгийн муу жишээ болж байна. Хулгайгаасаа салсан улс л хөгждөг. Төрийн өмчит компани дах хулгай, муу засаглалыг таслан зогсоох нь хөгжлийн эхний алхам” гэв.
Мөн аливаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүдээс төрийн өмчит компаниудаа салгаж, ТӨК-иудийг бүлэглэл, фракцын халаасанд явдаг биш иргэдэд өгөөжөө өгдөг байхыг зарчим болгоё. МИАТ, Эрдэнэс Монголоос эхлээд сонгон шалгаруулалтыг зарлаж хэлсэндээ хүрч, авлигаас ангид байх зарчим дээрээ зогсъё. Монгол Улсын Засгийн газар хэлсэндээ хүрч ард түмнийхээ итгэлийг алдалгүй мэргэжлийн сонгон шалгаруулалтаа хийцгээхийг уриалсан юм.
ТӨК-ийн засаглалыг сайжруулах 5 алхам:
1. Төрийн өмчит компанийн удирдлагуудад сонгон шалгаруулалтаар мэргэжлийн хүн томило;
2. Алдагдалтай ажилласан ТӨК-иудыг татан буулгах;
3. Олон нийтийн хувьцаат болгож хяналтыг сайжруулах;
4. Хараат бус гишүүдийг улстөр, намаас хараат бус хүмүүсээр сонгон шалгаруулалтаар бүрдүүлэх;
5. Төрийн эзэмшлийн гэдэг утгаар томилогдож байгаа төрийн албан хаагчдаа болиулах. Ард иргэд хяналтаа хамтдаа тавих;
Б.Бат-Эрдэнэ: Улстөр, намын томилгооноос салаагүй цагт Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахгүй. Мэргэжлийн хүмүүс очиж байж тэнд “ашиг” яригдана.
ТӨК-ИУД ЗАСАГЛАЛЫН ХАМГИЙН МУУ ЖИШЭЭ БОЛЖ БАЙНА
“Манай ТӨК-иуд яг үнэндээ засаглалын хамгийн муу жишээ болж байна. Сонгон шалгаруулалтгүйгээр улс төрийнхний хүрээний, фракцын бүлэглэлийн, хүмүүсийг байршуулж тавьдаг. Үүнээс улбаатай хулгай луйвар, алдагдал, ард түмний авах, хүртэх ёстой өгөөжийг хэсэг бүлэг нөхөд хүртсээр л байгаа. МИАТ компанийн захирлыг солихтой холбоотой асуудлууд хөндөгдөөд эхэлчихлээ. н.Мөнхтамир захирал сайн ажилласан. Учир нь намайг аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх цаг хугацаанд агаарын тээврийн либералчлал дээр ихээхэн оролцоотой ажилласан хүний нэг. Тухайлбал, ИНЕГ либералчлалыг эсэргүүцэж байхад МИАТ компани либералчлалыг дэмжиж “бид дампуурахгүй харин илүү ашигтай ажиллана” гэж анхны тооцоо, судалгааг нь хийж тодорхой хэмжээний үр дүн гаргаж ажилласан хүмүүсийн нэг. Үүний оронд дахиад л бүлэг фракцын хүмүүсийн нэр, ус яригдаад эхэллээ. Ховдын фракцаас гэх мэтээр яриад эхэлж. Арай үгүй болов уу гэж бодож байгаа. Хэрвээ үнэхээр л тийм бол эрхэм сайд нар сарвуугаа МИАТ компаниас татаарай. ТӨК сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирлаа сонгох ёстой. Ашигтай ажиллуулах гэж байгаа бол мэргэжлийн хүнийг нь л аваачиж тавих ёстой. Ингэж гэмээ нь наад компани чинь үр ашигтай, өгөөжтэй ажиллана.
43 КОМПАНИ НЬ 4 ИХ НАЯДААР ТООЦОХ ХЭМЖЭЭНИЙ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН
43 компани алдагдалтай ажилласан. Нийт 100 гаруй ТӨК-иудаас олонх ашгийг бүрдүүлж байгаа нь зөвхөн тав. 51 компани нийлээд дөнгөж 380 тэрбумын ашигтай ажилласан байгаа юм. 43 компани нь 4 их наядаар тооцох хэмжээний алдагдалтай байх жишээний. Энэ мэт ашигтай, ашиггүй ажиллаж байгаа ТӨК-тай холбоотой асуудлуудыг бид нэгэнт хөндөөд явж байгаа тохиолдолд аливаа асуудлыг шийдвэрлэх ёстой, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг хийх ёстой. Дээгүүрээ гоё сайхан юм яриад гар хуруугаараа өөр нөхцөл байдлаар, өөр юм шийдээд яваад байж болохгүй.
Цаашдаа ТӨК-иудад аль нэг улс төрийн хүрээний хүмүүст тавигдахаас илүүтэйгээр сонгон шалгаруулалтаар тавигддаг байх зарчмыг хийхгүй бол ТӨК-иудын үүсгэж буй хулгай, луйврыг татвар төлөгчид, ард түмэн нуруундаа үүрч байна. Нэг ёсондоо, хэсэг бүлэг хүмүүсийн халаасыг зузаатгадаг байгууллага болж хувирч байна. Үүн дээр УИХ-ын гишүүд хатуу эсрэг байр суурьтай байгаа.
Цаашдаа ТӨК-иуд зөв голдиролдоо орох ёстой, заримыг нь татан буулгаж, заримыг нь менежментээр нь хувьчилж, заримыг нь олон нийтийн хяналтын дор үйл ажиллагааг нь явуулах хэрэгтэй. Стратегийн томоохон үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нь үр ашигтай ажиллуулах тал дээр мэргэжлийн сонгон шалгаруулалт хийж, ТУЗ-өөс нь авхуулаад гүйцэтгэх захирлыг нь хүртэл тодорхой хэмжээнд зөв хүмүүсийг нь томилж ажиллуулдаг байх ёстой. ТУЗ гэх албан тушаалд төрийн албан тушаалтнууд тавигддаг. Тэдэнд ТӨК-ийг ашигтай ажиллуулах ямар ч шаардлага байдаггүй. Үр өгөөжтэй байлгах нь ч тэд нарт “чухал” асуудал биш. Иймээс олон нийтийн хараа хяналтыг сайжруулъя гэвэл хараат бус гишүүдийг олон оруулах ёстой. Дээрээс нь хараат бус гишүүдэд намынхаа томилгоонуудыг оруулаад байж болохгүй! Өнгөрсөн цаг хугацаанд ингэж л явж ирсэн. Үүнийг бид шийдэхгүйгээр улс орны хөгжил, хулгайг таслан зогсоох тухай, авлигатай тэмцэж байна гэх мэт үлгэр зохиогоод хэрэггүй” гэв.