Д.Энхтүвшин: Иргэдийн мэдэх эрхийг хангах хуулийн төслийг санаачиллаа

Д.Энхтүвшин: Иргэдийн мэдэх эрхийг хангах хуулийн төслийг санаачиллаа

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилжээ.

Тодруулбал,   чуулган болон байнгын хороон дээр хэлэлцсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх, эцэслэн батлах санал хураалтын дүн, гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй саналыг тухайн өдрөө УИХ-ын албан ёсны цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулах зэрэг тодорхой заалтыг дэгийн тухай хуулийн 134 дүгээр зүйлд  нэмэх талаар тусгажээ.

Үүнд,

1/134 дүгээр зүйлийн 134.2, 134,3, 134.4, 134.5, 134.6, 134.7 дахь хэсэг:

 

134.2.Чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хуралдааны товч мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр байршуулна.”

134.3.Энэ зүйлийн 134.2-д заасан хуралдааны товч мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

134.3.1.хуралдаанаар хэлэлцсэн асуудал;

134.3.2.хуралдааны ирцийн мэдээ /тоо, хувиар/;

134.3.3.хуралдаан эхэлсэн, завсарласан, хойшилсон, дууссан он, сар, өдөр, цаг, минут;

134.3.4.санал хураасан томьёолол, санал хураалтын дүн /тоо, хувиар/, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналын тоо;

134.3.5.техник, хэрэгслээс шалтгаалсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдаатай санал өгсөн гишүүний тухайн асуудлыг дэмжсэн, дэмжээгүйгээр хуралдааны тэмдэглэлд тусгуулахаар гаргасан санал;

134.4.Тухайн өдөр чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудлын хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хэлэлцсэн асуудал тус бүрээр товч мэдээллийг бэлтгэн мэдээлнэ.

134.5.Нууц санал хураалт явуулсан хуралдааны товч мэдээлэлд энэ зүйлийн 134.3.4-д заасан мэдээллээс зөвхөн санал хураалтын дүнг тусгана.

134.6.Хаалттай хуралдаанаар хэлэлцэх аливаа асуудалд энэ зүйлд заасан мэдээлэх журам хамаарахгүй.

134.7.Хуралдааны товч мэдээлэлд агуулсан тоо, мэдээлэл энэ хуулийн 135.1-д заасан хуралдааны дэлгэрэнгүй болон товч тэмдэглэлтэй зөрсөн тохиолдолд хуралдааны тэмдэглэлийг баримтална.

Зэрэг тодорхой зүйл, заалт оруулах талаар дээрх хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд өөрийн сонгосон гишүүний чуулганы хуралдаанд хэрхэн оролцож буй байр суурь, тухай хуулийг дэмжсэн эсэх гээд чухал мэдээллийг нээлттэй авч, иргэдийн мэдэх эрх хангагдана.

 

Түүнчлэн иргэдийг төлөөлж парламентад сонгогдсон гишүүд үндсэн ажлаа хэрхэн гүйцэтгэж буй хандлага, зарчим, ёс зүйд нь иргэн та хяналт тавих боломж бүрдэнэ. Парламентын ил тод үйл ажиллагаа иргэдийн мэдэх эрхийг хангах юм.

 

Хуулийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд