ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО

ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон ДЭМБ суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд нар өнөөдөр Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Үндэсний лавлагаа лаборатори байгуулах барилгын ажил энэ оны 10 дугаар сараас эхлээд байна. Энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах юм.

Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийн барилга угсралт нь нийт 884 м.кв талбайд батлагдсан зураг төслийн дагуу хэвийн үргэлжилж байгааг өнөөдөр танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус ажлын явцтай танилцах үеэрээ, Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн чанарыг шинжлэх үндэсний лавлагаа лаборатори болох учраас барилгын цахилгаан, дэд бүтэц, агаарын филтер зэргийг маш сайн анхаарч ажиллахыг гүйцэтгэж байгууллагын төлөөлөлд хэллээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын Эм шинжлэх лаборатори нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж хүчин чадлын хувьд жилдээ 2500 орчим сорьцод шинэжилгээ хийж байна. Эм шинжлэх лаборатори нь Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх, эмийн чанарын асуудлыг хяналтдаа бүрэн оруулах нөхцөл бүрдэх юм.

Үүнээс гадна эмийн үнэ, эмийн сангийн байршлыг харах https://em.hdc.gov.mn/ вэб сайт хэрэглээнд нэвтрээд байгаа нь эмийн үнийг иргэдэд нээлттэй болгох, сонголт хийхэд нь хяалбаршуулсан ажил болоод байгаа юм. Энэхүү цахим системийг иргэд хэрэглэж хэвшсэнээр эмийн үнэ иргэдийн хяналтад орж эмийн үнийн хөөрөгдөл арилах нөхцөл бүрдэх бол барилгын ажлын шатандаа яваа Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орсноор эмийн чанарын асуудлыг манай улс хяналтдаа бүрэн оруулж чадахаар болох юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 3780 эм бүртгэлтэй байгаа бөгөөд 2800 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд