Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Уртнасан:
-Тэтгэвэр авагчдад олгосон зээлийн хэмжээ энэ оны IX сарын байдлаар 1.8 их наяд төгрөгт хүрч, нийт хэрэглээний зээлийн 15 хувьтай тэнцэх болж. Энэ нь эдийн засагт иргэдийн өрийн ачаалал үлэмж хэмжээгээр нэмэгдэж буйг харуулж байна.
Нэг зээлдэгч дунджаар 6.5 сая төгрөгийн зээлтэй, сард дунджаар 828.2 төгрөгийн зээл төлж байна гэсэн үг.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572.4 мянган төгрөг бөгөөд тэтгэврийн дундаж хэмжээ нь 848 мянган төгрөг гэвэл иргэд тэтгэврийн сарын орлогоо хэрэглээний зээлд суутгуулж байна.
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг тогтоох нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийн үнэлгээ, Төв банкнаас тогтоосон зохицуулалтуудад үндэслэж хийж буй санхүүгийн үйл ажиллагаа юм.
Хэрэв тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг захиргааны аргаар тогтоох, улс төрийн нөлөөлөл үзүүлэх зэрэг оролдлогууд хийх нь эдийн засаг дахь хэрэглээний зээлийг нэмэгдүүлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогоор тодорхойлсон зорилтуудаасаа ухрахад хүргэнэ.
Үр дүнд нь инфляцаас хамгаалах, ханшийг тогтвортой байлгах, зээлийн системийг эрүүлжүүлэх зэрэг эдийн засгийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд хүндрэл авч ирнэ. Балгийг нь бүх Монгол түмэн хамтаараа үүрнэ.
Үнэндээ тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ бол цэвэр банк, санхүүгийн үйлчилгээ болохоос Тэтгэврийн шинэчлэлийн зорилтуудаа хэрэгжүүлж чадаагүй, Засгийн эрх баригчдын барьж ноцолддог ажил биш.
Үнэхээр тэтгэврийг нэмэгдүүлж, тэтгэвэр авагчдадаа тус хүргэе гэвэл аль 2015 онд УИХ-аар хэлэлцэн баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-оор тодорхойлсон зорилтуудын нэг болох тэтгэвэр авагч бүртээ адил тэгш хэмжээгээр олгож, адилтган тэгшитгэх коммунист арга барилаа “хэрэгжүүлж”, таашаал авч болно.
Ард түмэндээ туслая гэвэл:
-Хувийн хэвшлээ тууштай дэмж, нийгмийн бүх шатыг хамарсан авлига, хүнд суртлыг бууруулах, байгалийн баялгийн хулгайг зогсооход шийдвэртэй, зарчимтай алхам хийж, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүл,
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүл,
-Олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо бүрдүүлэх тэтгэврийн шинэчлэл хий,
-Албан бус ажлын байрыг албан ёсны болгох хөдөлмөрийн зах зээлийн бодлого, зохицуулалтаа сайжруул,
-Хүн амын 1/3 -ийг давсан ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлогоо оновчтой тодорхойлж, ажлаа хий,
-Тэтгэврийн хөгшчүүлээрээ тэтгүүлж амь зуудаг хүн амын бүлэгтээ аж байдлын өөрчлөлт хий,
-Парламентад суудалтай Намууд хүн амын хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн хамгаалал бодлогоо Монгол түмэндээ өгөөжтэй байхад чиглүүл,
-Бүтээмжгүй, чадамжгүй, сэтгэлгүй Төрийн албан хаагчдаа хөөж явуул.