Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухуудыг хийн түлшний системд шилжүүлж байна.
Эдгээрийн нэг болох Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг хийн түлшний системд шилжүүлж, өнөөдөр /2026.01.19/ ашиглалтад хүлээн авлаа.
Арга хэмжээнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, “Бороо гоулд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Мөнхзул, “Газком” ХХК-ийн удирдлага, инженерүүд, сургуулийн багш ажилчид оролцов.
Ажлын албаны дарга С.Даваасүрэн энэ халаалтын зуухыг шинэчилж, хийн түлшинд шилжүүлсэн нь зөвхөн 117 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн асуудал бус Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад нөлөөлөх чухал ажил гэдгийг тэмдэглэлээ.
Ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг шинэчилж, хийн түлшний технологид шилжүүлэх ажлыг “Бороо Гоулд” ХХК татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ. Гүйцэтгэчээр ажилласан “Газком” компани Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, 1.8 тоннын багтаамжтай нөөцийн босоо савыг тус сургуульд байршуулснаараа онцлог юм.
Тус сургууль жилд 580 тонн түүхий нүүрс түлдэг. Халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлснээр жилийн 580 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, агаарт 2320 тонн хорт бодис ялгарахаас сэргийлэн, агаар орчны бохирдлыг бууруулж байна.