Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Монголын аутизмын холбооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хөтөлбөрийн эхний үе шат энэ ондоо хэрэгжих бөгөөд эхний ээлжид судалгаа, хэрэгцээг тодорхойлж, туршилтын сургуулийг сонгоно. 2027-2028 онд бодитоор турших, сургалт, сургалтын орчны шинэчлэлийг хийнэ. Хөтөлбөрийн III үе шат 2028–2030 онд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд үнэлгээ хийх, өргөтгөх, бодлого болон стандартад тусгах ажлыг зохион байгуулна.
Санамж бичиг байгуулснаар олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой боллоо. Ингэснээр хүүхдэд ээлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хүртээмжтэй боловсролын болон нийгмийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо.

Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдийн талаарх үндэсний хэмжээний судалгаа, дата мэдээллийн санг бүрдүүлнэ.
- Олон улсын, тэр дундаа Япон улсын шилдэг туршлагыг судалж, нутагшуулна.
- Хүртээмжтэй сургалтын орчин, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулна.
- Багш, мэргэжилтний мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, харилцан суралцах орчныг бүрдүүлнэ.
- Сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйг шинэчлэх, хүүхэд төвтэй сургалтын загварыг нэвтрүүлнэ.
- Аутизмтай хүүхдийн талаарх нийгмийн эерэг ойлголт, хүлээн зөвшөөрлийг нэмэгдүүлнэ.
- Үндэсний болон олон улсын түвшний чуулга уулзалт, семинар, туршлага солилцооны арга хэмжээ зохион байгуулна.
- Монголын аутизмын холбооноос боловсруулсан гарын авлага, материалуудыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээнэ.
- Япон Улс, JICA болон олон улсын байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлнэ.