Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон бүртгэлийн өөрчлөлт хийхтэй холбоотой нийт 31 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Олон улсад нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгийг жил, хагас жил, улирлаар хуваарилдаг бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж хүртээх, зах зээлийн итгэлцлийг бэхжүүлэх, компанийн засаглалын түвшнийг илтгэх чухал үзүүлэлт болдог. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө оруулалтын бодит өгөөж тул түүнийг ил тод, тодорхой хугацаанд олгох зохицуулалтыг бүрдүүлэх нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үндсэн нөхцөл юм.
Иймд энэ хуралдаанаар хувьцаат компаниуд ногдол ашгийг жилийн эцэс болон хагас жилээр хуваарилах, мөн анх удаа ногдол ашгийг нэмж хувьцаа гарган эзэмшүүлэх буюу үнэт цаасны хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлсэн зохицуулалт бүхий шийдвэрийг баталлаа.
Ингэснээр хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг тогтоосон хугацаанд авах, холбогдох мэдээллийг ил тод, шуурхай хүртэх боломж бүрдэж, хувьцаат компаниуд жилд хоёр хүртэл удаа ногдол ашиг хуваарилах боломжтой болж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын бодит өгөөжийг нэмэгдүүлэх, зах зээлийн идэвх, итгэлцлийг бэхжүүлэх, компанийн засаглал болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах ач холбогдолтой.
Хуралдаанаар мөн хоёр компанийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичиг болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг тус тус бүртгэхээр шийдвэрлэлээ. Мөн нэг компанийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг, нэгж эрхийн танилцуулгад өөрчлөлт оруулах, нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт хийхийг тус тус зөвшөөрөв. Түүнчлэн нэг компанийн төлөгдөж дууссан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээс хасах, нэр бүхий хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, нэг хадгаламж зээлийн хоршоо болон нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.