Халхгол, Матад сумд байгалийн гамшигт үзэгдэл болж, хоёр хүн нас баржээ

Халхгол, Матад сумд байгалийн гамшигт үзэгдэл болж, хоёр хүн нас баржээ

Энэ сарын 20-ны өдөр Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Халхгол, Матад сумдын нутгаар цас хүчтэй шуурах төлөвтэй байгаа сэрэмжлүүлгийг иргэд, малчдад яаралтай хүргэж, урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг ханган шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг, чиглэлийг Халхгол, Матад сумын засаг дарга нарт биечлэн өгсөн хэдий ч 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн хүчтэй цасан шуурга 17-23 метр секунд хүрч байгалийн гамшигт үзэгдэл боллоо.

Сумын онцгой комиссоос цасанд боогдсон иргэдийг татаж авах, алга болсон иргэдийн мэдээллийн дагуу шуурхай эрэн хайх, аврах ажилд 50 орчим хүн, 7 автомашин, 6 морьтойгоор 2 бүлэг гарч ажилласан боловч 2 иргэн харамсалтай амь насаа алдсан эмгэнэлтэй зүйл тохиолдлоо. Тодруулбал,Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутагт тус сумын харъяат иргэн М энэ сарын 21-ны 15:00 цагийн үед аргамжаатай морио авч ирэхээр гэрээсээ гараад цасанд шуурганд төөрч сураггүй болсон гэх дуудлага мэдээлэл 17:15 цагт онцгой байдалд иржээ. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын эрэн хайх, аврах анги,Халхгол сум дахь гал түймэр  унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн ангийнхан эрэн хайжээ. Харамсалтай нь сураггүй болсон иргэний цогцосыг өчигдөр 12:32 цагт олсон гэнэ. 

Мөн малдаа яваад цасан шуурганд төөрсөн нэг гэр бүлийн гурван хүнийг олсон ч эхнэр нь осгож нас барсан байжээ. Харин хамт явж байсан 11 настай хүү нь аавынхаа хамт аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандахаар ахлуулсан 2 шуурхай бүлгийг байгалийн гамшгийн хохирлыг даван туулах, нөхөн сэргээх хариу арга хэмжээ авч ажиллахад шуурхай зохион байгуулалтаар хангуулж ажиллуулахаар Халхгол сум руу илгээгээд байна.

Цасанд нь боогдсон малчид иргэдэд туслах, зам гаргах, хашаа хороог цэвэрлэх ажилд аймаг, сумын Онцгой комисс, Халхгол сумын нутгийн зөвлөл, сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон Бүсийн төв Дорнод аймгийн онцгой байдлын газар, Хилийн цэргийн анги нэгтгэлүүд, иргэд, бүлгүүд ажиллаж байгааг дуулгая.

Мөн Улсын Онцгой комиссоос 5 тн шатахууны дэмжлэг болон сумын Онцгой комиссын шийдвэрлэх боломжгүй асуудлуудад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө нийт нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр 28-наас 1-нд шилжих шөнө нийт нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тухай мэдээллийг Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс өглөө.

Иймд бүх сумын Онцгой комисст урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах, иргэд малчдад цаг агаарын мэдээг шуурхай хүргэж ажиллах зэрэг чиглэлийг цахимаар хүргүүллээ.

Иргэд та бүхэн дор бүрнээ ухамсартай байж, Цаг агаарын мэдээллийг сонсон хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

                                                             Эх сурвалж: Дорнод аймгийн Онцгой комисс



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд