Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана

Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал ноён Аслам Первез тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын байгууллагыг үргэлж дэмжин ажилладагт илэрхийлж, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Аслам Первезэд ажлын амжилт хүслээ.

Монгол Улс, Азийн гамшгийн бэлэн байдлын төв хоорондын хамтын ажиллагаа 2000 оноос эхэлсэн бөгөөд гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, сургалт, уулзалт семинарыг зохион байгуулах, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр Монгол Улсыг дэмжин ажиллаж ирсэн. 

Монгол Улс нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн албан ёсны гишүүн болсон. Тус төвд гишүүнээр элссэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бүс нутгийн бодлогод тусгах, гамшгаас хамгаалах салбарын бодлого, төлөвлөгөөнд нийцүүлэн техникийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт, хөтөлбөр зохион байгуулах, уур амьсгалын ногоон сангийн болон бусад олон талт хөрөнгө оруулалтыг татах, бүс нутгийн сургалт, мэдлэг, мэдээлэл солилцох платформ, туршлага солилцох үйл ажиллагаанд тогтмол хамрагдах, олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг боломжууд бий болсон юм. 

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян цаашид гамшгийн эрсдэлийн удирдлага, эрсдэлийн санхүүжилт, эрт сэрэмжлүүлэх системийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгагааа илэрхийллээ.

Тус саналыг Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс цаашид хамтран ажиллах таван жилийн стратеги төлөвлөгөөнд тусгаж ажиллахаа илэрхийлж, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллана хэмээн уулзалтаар онцоллоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд