Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан төслийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод мэдээлэх зорилгоор уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек болон холбогдох албаныхан оролцлоо. Тус уулзалтад зургаан компанийн төлөөлөл хүрэлцэн ирж, асуулт асуун хариулт авлаа.
Уулзалтаар “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн төлөвлөгөө, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүтэц, шалгуур, шаардлагууд, уралдаант сонгон шалгаруулалтын үе шат, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд, гэрээний төсөлд туссан үндсэн нөхцөлүүд, төсөлд оролцох сонирхол бүхий этгээдүүдэд хамаарах мэдээлэл, оролцох санал бэлтгэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцсэн юм.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох хэлэлцээний явцад Захиргааны хэргийн шүүхэд өөр талаас маргаан үүсгэсэн нь өмнөх түншлэлийн гэрээг байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Иймээс түншлэлийн гэрээ байгуулсан хувийн хэвшлийн түншлэгч нь гэрээнээс гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээг цуцлах санал ирүүлсэн. Уг саналыг хүлээн авч, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түншлэлийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан юм. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу тус төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг дахин нээлттэй зарлаж буй.



