Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай улс Япон улстай хот байгуулалт, дэд бүтэц, тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар Япон Улсын Газрын, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам /ГДБТАЖЯ/-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото болон “Ниппон Коэй” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Япон улсын ГДБТАЖЯ-ны дэд сайд Улаанбаатар хотод айлчилж, хотын удирдлагуудтай уулзан хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр санал солилцож байсан. Харин өнөөдрийн уулзалтаар Япон улсаас хэрэгжүүлж буй “Ухаалаг хот” туршилтын судалгааны үр дүн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, технологийн шийдлүүдийн талаар санал солилцов.
Тодруулбал, Япон улсын ГДБТАЖЯ нь гадаад улс орнуудад Япон компанийн арга туршлага, технологийг хөшүүрэг болгон ашиглах замаар “Ухаалаг хот”-ыг хөгжүүлэх техник, эдийн засгийн судалгаа, ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бодитоор хэрэгжүүлэх боломжит байдлын талаар туршилт судалгааны ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн онд ухаалаг хотыг бодитоор хөгжүүлэх төслийг төлөвлөхөөр Улаанбаатар хотод дроны мэдрэгч технологийг ашиглан хотын 3D загвар бүтээж, нислэгийн хамгийн оновчтой чиглэлийг магадалж, замын хөдөлгөөний урсацтай харьцуулах туршилтыг хийсэн юм.

НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар “Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ухаалаг технологи, мэдээллийн системд суурилсан шийдлүүд чухал үүрэгтэй. Иймээс “Ухаалаг хот” төслийг нийслэлийн тодорхой дүүрэг, бүсэд туршилтын байдлаар хэрэгжүүлэх, хотын мэдээллийн нэгдсэн дата платформ хөгжүүлэх, тээврийн ухаалаг систем (ITS) нэвтрүүлэх, ногоон дэд бүтэц болон эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хэрэгжүүлэхэд Япон улсын туршлага, технологийг судлан, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

Япон Улсын ГДБТАЖЯ-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото “Бид “Ухаалаг хот” төслийн хүрээнд дроноор цусыг яаралтай тээвэрлэх болон маршрут чиглэлийг нээх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хоорондох маршрутыг 3D скан хийх нислэгийг туршиж, 3D цэгэн үүлийг загварыг боловсруулсан. Ийнхүү илүү өндрийн нарийвчлалтай мэдээлэлд үндэслэн хамгийн зохистой байх маршрутыг судалж, туршсан. Ингэснээр цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө хэмнэж буйг нотолсон юм. Уг технологийн шийдлийг зөвхөн тээвэрлэлтэд ашиглаад зогсохгүй хот төлөвлөлтөд ашиглах боломжтой. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.