Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын сайд П.Наранбаяр, сайдын зөвлөх Ц.Алтансор, тус яамны ТЗУГ-ын дарга Б.Алтансүх нар Финланд Улсын Турку хотод ажиллаж, Туркугийн их сургууль болон Боловсролын судалгааны хүрээлэнд зочиллоо.
Төлөөлөгчдийг Туркугийн их сургуулийн дэд ректор Др. Тапио Салакоски тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзан, хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа бодит сайн туршлагад тулгуурлан, амжилттай өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Тус сургуулийн боловсруулсан “Eduten” цахим математикийн сургалтын платформ Монгол Улсад амжилттай хэрэгжиж, 650 гаруй сургуулийн 1–9 дүгээр ангийн 696,000 сурагч технологи, хиймэл оюун ухаанд суурилсан математик сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй.
Мөн Монгол Улсын Боловсролын их сургууль болон Туркугийн их сургууль хооронд 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх, боловсролын судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Туркугийн их сургуулийн боловсруулсан, дэлхийн 20 гаруй улсад хэрэгжиж буй үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг KiVa хөтөлбөрийн арга зүйг Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн “Аюулгүй сүлжээ” үндэсний санаачлагатай уялдуулан, туршилтын байдлаар нэвтрүүлэх талаар ярилцлаа. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн дээрэлхэгчийг шийтгэхэд бус, харин анги хамт олны соёлыг өөрчилж, ажиглагч сурагчдыг “хамгаалагч” буюу defenders болгон төлөвшүүлэх зарчимд суурилдгаараа онцлогтой юм.
Түүнчлэн Монгол болон Финландын боловсролын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцож, Монгол Улсын Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Финландын холбогдох судалгааны байгууллагууд ирээдүйн боловсролын үнэлгээ, боловсролын шинэчлэл, судалгаанд суурилсан бодлого боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, цаашид хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг (MoU) байгуулах талаар ярилцлаа.
Энэхүү уулзалт нь Монголын боловсролын салбарт сургуулийн орчны аюулгүй байдал, хүүхдийн сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дэмжих олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, мөн багш бэлтгэх тогтолцоонд заах арга зүйн сургалтын шинэчлэлийг хийх чухал алхам боллоо.
Мөн “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” хөтөлбөрийн хүрээнд Туркугийн их сургууль Монгол Улсаас жил бүр 5 хүртэлх оюутан хүлээн авах боломжийг дэмжихээ илэрхийллээ.