Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эм хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц шийдлийг хамтдаа хэлэлцэх зорилгоор “Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг өчигдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Салбарын бүх оролцогч талууд нэг дор цуглаж, бодлогоо ярилцаж буй нь чухал хэмээгээд эмийн ханган нийлүүлэлтийн тогтолцоонд төр хувийн хэвшлийн хийж ирсэн ажлыг булааж авах бодлого огт байхгүй. Харин эмийн логистик, хадгалалт, түгээлт, дистрибьютерийн тогтолцоог хувийн хэвшлийн чадавх, туршлага дээр тулгуурлан илүү үр ашигтай болгох бодлого баримталж байгааг онцлов.
Төрөөс хийх гол ажлууд нь бодлогын зохицуулалт, чанар аюулгүй байдлын хяналт, ил тод шударга зах зээлийн орчныг бүрдүүлэх юм.
Нэгдсэн худалдан авалтын тогтолцоог үе шаттай хэрэгжүүлэхдээ ч эмийн тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог бүрэн хадгалж, хамтын ажиллагаанд тулгуурлана.
Мөн эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор em.hdc.gov.mn системийг e-barimt аппликейшнд холбон хөгжүүлж, 2,200 гаруй эмийн үнийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон. Цаашид эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг хэрэгжүүлнэ.
Эм зүйн салбарын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үүрэг, оролцоо чухал бөгөөд цаашид ил тод, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргах тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Энэ бүх ажлыг хэрэгжүүлэхэд төр дангаараа биш, бүх талын хамтын ажиллагаа чухал. Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудал, тодорхой шийдлүүд, санал зөвлөмжийг Эрүүл мэндийн яам, Засгийн газрын түвшинд хэлэлцүүлж, бодит үр дүнд хүргэн ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэв.
Зөвлөгөөнд эм зүйн салбарын удирдах ажилтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 130 гаруй салбарын мэргэжилтнүүд оролцлоо.


