Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Татан буугдсан Өргөдлийн байнгын хороог 2025 оны 7-р сард дахин байгуулах шийдвэр гарч, миний бие даргаар сонгогдон ажиллаж байна. Манай байнгын хороо бол иргэн-төрийн харилцааг ойртуулж, иргэдийн дуу хоолойг бодлого тодорхойлоход хүргэх гүүр юм. Энэхүү найман сарын хугацаанд иргэдээс ирсэн гомдол, санал, хүсэлтэд дүн шинжилгээ хийхэд орон сууцны захиалгын залилангийн асуудал маш ихээр ирж байна.
Өнөөдрийн байдлаар гэхэд нийтдээ 32 гомдол буюу үүний цаана олон мянган хүний олон зуун тэрбум төгрөгөөрөө хохирсон, залилуулсан, сэтгэл зүйн гүн дарамтад орсон ноцтой хэргүүд байна. Нийгмийн үзэгдэл болтлоо хавтгайрч байгаа орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг дахин гарахаас сэргийлэх, эрх зүйн хүрээнд шийдэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж хяналт, хариуцлагыг чангатгах, нээлттэй мэдээллийн тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг зохицуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлж, ирээдүйд олон хүнийг эд хөрөнгө, цаг, сэтгэл зүйгээр хохирохоос хамгаалах шаардлагатай байна.
“Нуухыг нь авах гээд нүдийг сохлов” гэгчийн үлгэр болохгүйн тулд бүх оролцоотой талууд хийж байгаа ажлаа танилцуулж, давхардал, хийдэл гарахгүйн тулд ажлаа уялдуулах нэгдсэн шийдэл, ойлголтод хүрэх нь хамгийн чухал юм. Тиймээс өнөөдөр Өргөдлийн байнгын хорооноос “ОРОН СУУЦ ЗАХИАЛАХ, ХУДАЛДАН АВАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛЖ БАЙГАА ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТ”-ийн талаар мэдээлэл сонсох уулзалтыг зохион байгууллаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт, хот стандартын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим, Монголын барилгын Үндэсний ассоциаци, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл, Монголын хуульчдын холбооны төлөөлөл, судлаачид гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр “ГАРЦ-ШИЙДЭЛ”-ээ ярьцгаалаа. Хаана хийдэл, хяналтын механизмын сул орон зай гараад байгаа, ямар асуудал дээр зохицуулалт шаардлагатай байгаа, ямар шийдэл нь илүү хөрсөндөө буух гээд олон талаас нь онцлов. Барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтай байх, хаягжилтыг тодорхой болгож, улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх, хөндлөнгийн хяналтын этгээдийн үүрэг оролцоо, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв нийтэд ил тод байх, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт, төрийн байгууллагуудын тус тусдаа байгаа мэдээллийн санг нэгтгэх, олон улсад туршигдаж үр дүнгээ өгч байгаа аргачлалыг хэрэгжүүлэх гээд олон санал, санаачлага гаргалаа.
Ийнхүү шийдлээ танилцуулахаар ирсэн та бүхэндээ талархлаа.