Монгол-Сингапурын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо

Монгол-Сингапурын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо

Хуваалцах Жиргэх

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа өнөөдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Вонг Кай Жиуныг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр элчин сайд Вонг Кай Жиуныг Итгэмжлэх жуух бичгээ барьсанд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, Монгол–Сингапурын парламентын бүлгийн даргын хувьд хоёр улсын парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлээд Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улсыг Зүүн Өмнөд Азийн чухал түнш бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гол гишүүн орны нэг гэж үздэгээ онцлов. Түүнчлэн найрамдлын бүлгүүдийн тогтмол цахим болон танхимын уулзалтуудыг зохион байгуулж, хууль тогтоох байгууллагын туршлага солилцох, парламент хоорондын харилцааг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Вонг Кай Жиун парламентын найрамдлын бүлгүүд нь хууль тогтоох байгууллага хооронд яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, иргэдэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр талын харилцааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэгийг тодотгоод хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулахаа мэдэгдсэн юм.

Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Д.Ганмаа нар оролцсон бөгөөд талууд эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахад санал нэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд