Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын шинэ Засгийн газар бүрэлдэж, Батлан хамгаалахын сайдаар улиран томилогдсон Д.Батлут ажлаа хүлээн авсан даруйдаа салбарын удирдах бүрэлдэхүүний анхны “Өргөтгөсөн шуурхай хуралдаан”-ыг зарлан хуралдууллаа.
Хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа байгууллагын дарга нар өөрсдийн хариуцсан чиглэлээр өгөгдсөн үүргийн биелэлт болон үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар товч илтгэл танилцууллаа.
Мөн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хэмнэлтийн бодлогын хүрээнд салбарын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах чиглэлээр салбарын хэмжээнд ажлын байрны орон тоог нэмэгдүүлэхгүй байх, шинээр ажилтан авахыг түр хязгаарлах горимд шилжихийг үүрэг болгов.
Түүнчлэн төсвийн урсгал зардлыг хэмнэх зорилгоор хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах хэлбэрт өөрчлөлт оруулж, гадаад болон дотоодын биечлэн уулзах зайлшгүй шаардлагатай уулзалтаас бусад бүх шатны хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр явуулж, томилолт болон зохион байгуулалтын зардлыг бодитойгоор бууруулахыг даалгав.
Хуралдааны төгсгөлд салбарын хэмжээнд зарласан "Хүн төвтэй хөгжил, шинэчлэлтийн жил"-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлж, үүрэг даалгаврын гүйцэтгэлийг чанаржуулахыг онцгойлон анхааруулснаар хуралдаан өндөрлөлөө.