Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар “Монголын археологи, угсаатны үндэсний музей”-г Монголын үндэсний биет болон биет бус өвийг судлах, хадгалах, сурталчлах зорилгоор Зуунмод хотод байгуулахаар шийдвэрлэн ирэх 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр тус музейн барилгын ажил 80 хувьтай хэрэгжиж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон холбогдох албаны хүмүүс 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймагт шинээр баригдаж байгаа “Монголын археологи, угсаатны үндэсний музей, лаборатори”-ийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Музейн барилгын гүйцэтгэл, инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна заслын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Чингис Хаан Үндэсний Музейн захирал С.Чулуун, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаныхан оролцож, дэлгэрэнгүй танилцуулга хийн музейн барилга нь соёл, шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болохыг онцлон тэмдэглэж, барилгын ажлын явцын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэж, эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
“Монголын археологи, угсаатны үндэсний музей” нь олон улсын түвшинд хүрсэн шаардлага хангасан барилга байгууламж бүхий сэргээн засварлах, судлан шинжлэх лабораторийн хамт ашиглалтад орсноор археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин сайжрахын зэрэгцээ боловсрол, шинжлэх ухааны танин мэдэх олон талт нээлттэй орон зай бий болж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Энэхүү музейн барилгын ажлыг “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хянан ажиллаж байна.

