ЧУУЛГАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

ЧУУЛГАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Хуваалцах Жиргэх

УИХ-ын чуулганы өнөөдөр (2026.04.17)-ийн хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Мөн УИХ-ын Тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Үүний дараа УИХ-ын зарим байнгын Байнгын хороонд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталсан юм. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авав.

Үүний дараа Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэв. Цэцийн дүгнэлтээр Улсын дээд шүүхэд шүүхийн бус чиг үүрэг олгосон талаарх маргааныг шийдвэрлэсэн байна. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хуульд яаралтай өөрчлөлт оруулж мэргэжлийн холбоодыг Дээд шүүх бус улсын бүртгэлийн байгууллага бүртгэх, санхүүгийн харилцааг нэг талд нь гаргах, эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай гэх мэт саналуудыг хэлж байлаа.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно хэмээн өөрчлөн найруулахаар тусгажээ. Одоогийн хэрэгжиж байгаа хуульд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч нарын тодорхой хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болохгүй гэж хуульчилсан явдал нь хуулиар ялгамжтай байдлыг бий болгож, Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдөж байна хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Гишүүд асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд