“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана

“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана

Хуваалцах Жиргэх

Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг хангах, дагуул хотуудын ус хангамж болон Туул голын урсцыг тохируулан ашиглах, нэмэлт эх үүсвэрийг илрүүлэх шаардлага үүссэн. Эдгээр тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2026-2033 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. 

Төслийн суурь судалгааны ажлыг БНЭУ-ын “Kalpataru Projects International” ХХК боловсруулж байгаа бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, инженер-геологи, топографи, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд дууссан. 

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна.

Туул усан цогцолбор ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсцыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм. Мөн үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гүний усны хэт ашиглалт буурч, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг ашиглах нөхцөл бүрдэнэ. 

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Туул голын татмын бүсэд хяналтгүй барилгажилт ихсэж, хамгаалалтын байгууламжуудыг хэсэгчлэн барьснаар урсгалын коридор хумигдан, системийн доройтол тасралтгүй үргэлжилсээр байна. Иймд “Туул усан сан” төсөл нь дээд урсгалын зохицуулалтын шийдэл болж, 50 сая шоо метр хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсцыг сааруулна. 

Харин “Туулын хурдны зам” төсөл нь доод урсгалын зохицуулалтын шийдэл болно. Тодруулбал, уг төслийн хүрээнд авто зам барихаас гадна Туул голын дагуух үерийн хамгаалалтын даланг иж бүрнээр сэргээнэ. Мөн урсцын коридорыг тодорхой болгох, голын татам дахь хяналтгүй хот тэлэлтийг физик байдлаар хязгаарлах юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд