Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.04.24/ -ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.
Хуульд өөрчлөлт оруулахаас өмнө аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч нарын тодорхой хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болохгүй гэж хуульчилсан нь ялгамжтай байдлыг бий болгох, Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдөж байна хэмээн хууль санаачлагчид үзсэн. Иймд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно хэмээн өөрчлөлт оруулсан юм.
Үргэлжлүүлэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслүүдийн үр өгөөж, зээлийг эргэн төлөх чадвар, зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зэрэг асуудлаар ажлын хэсгээс хариулт авч, саналаа хэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой МАН-ын бүлгээс ажлын дөрөв хоногийн завсарлага авлаа.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төсөлд гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, мөн Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр дүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол УИХ асуудлыг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгажээ.
Үүний дараа Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл ажил хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүллээ. Хуралдааны төгсгөлд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс бусад үдээс өмнө хэлэлцсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг өнөөдрийн үдээс хойших хуралдааны төгсгөлд явуулахаар тогтов.