Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд үүссэн барилга барих маргааны асуудлаар иргэдтэй уулзлаа. Тус хороонд барилга барьж буй “Цаст констракшн” ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын маргаан 10 гаруй жилийн турш үргэлжилж байгаа аж. Тус хороонд барилгажилт их тул газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн талбай болгоно.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Натур орчим хүн амын төвлөрөл ихтэй. Иргэдийн ая тухтай амьдрах орчин чухал. Барилгын ажил хийж байгаа компанитай хэлцэлд орж, суурь цутгасан талбайг нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламж болгохын төлөө ажиллана. Гэхдээ бизнес эрхлэгч, барилгын компанийг ч шууд хохироож болохгүй. Хуулийн дагуу ажиллана. Ажлын хэсэг байгуулна” гэв.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн төлөөлөл О.Отгонтөгс “Өмнө нь хотын дарга ирж уулзахдаа энэ хэсэгт барилга барих боломжгүй, стандарт хангахгүй, нийтийн эзэмшлийн талбай болгох хэрэгтэй талаар мөн хэлсэн. Гэтэл барилгын компани ажлаа эхлүүлээд байна. Оршин суугчид байрныхаа хажууд барилга барихыг эсэргүүцэж байна” гэлээ.

Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан барилгын зөвшөөрлийг 2013 онд олгосон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Натур орчим анх гэр хороолол байсан. Энэ хавийн орон сууцууд бүгд өмчилсөн айлын газар дээр баригдсан. 2013 онд хоёр иргэн барилгын А даалгавар батлуулж байжээ. Энэ нь тухайн газар дээр барилга барихад хот байгуулалт, техникийн шаардлагыг тодорхойлсон суурь баримт бичиг, мөн 2013 онд батлагдсан зураг төсөвтэй. 2013 оны долоодугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн, газрын зөвшөөрлийг олгосон байсан. Удаагүй Саруул СӨХ-өөс барилгын ажлыг эхлүүлэхэд маргаан үүсгэж, 2014 онд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг үргэлжлүүлж болох шүүхийн шийдвэр гарсан. Гэхдээ үүнээс хойш барилгын ажлыг явуулаагүй. 10 гаруй жилийн дараа барилгын ажлыг эхлүүлэх хүсэлт тавьсан. 2013 онд хууль журмын дагуу бүх зөвшөөрөл нь олгогдсон, дээрээс нь барилга барьж болно гэсэн шинэ дүгнэлттэй байсан. Албан ёсны зөвшөөрөлтэй, бичиг баримт нь бүрдсэн байсан тул Хот байгуулалт, хотын стандартын газар 2025 оны аравдугаар сард зөвшөөрөл өгсөн” гэдгийг тайлбарлалаа.


