ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХАД САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХАД САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ

Хуваалцах Жиргэх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилготой салбар дундын хамтарсан уулзалт боллоо. Уулзалтыг Боловсрол, Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцов.

Уулзалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, бодлого хэрэгжилтийг сайжруулах шаардлагыг онцоллоо. Эрүүл мэндийн салбарт хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх зорилгоор дөрвөн төрлийн эрт илрүүлгийг хэрэгжүүлж байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар таницууллаа. Үүнд ургийн, нярайн, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлын, мөн 6 настны урьдчилан сэргийлэх үзлэг багтаж байгаа бөгөөд эдгээр нь өвчнийг эрт үед илрүүлж, эмчлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Мөн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлж, гэрийн сэргээн засах үйлчилгээг нэвтрүүлэн, өндөр өртөгтэй эмчилгээ, технологийг дотооддоо хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж байна гэв.

Нийгмийн хамгааллын хүрээнд 2026 оноос тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, халамж, асаргааны тэтгэмжийг өсгөсөн бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байр бий болгох, ур чадварыг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир таницуллаа.

Боловсролын салбарт тэгш хамран сургах орчныг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хамрагдалтыг нэмэгдүүлэн, дэмжих үйлчилгээ, цахим сургалтыг өргөжүүлж байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцлов.

Цаашид гурван яам бодлого, үйл ажиллагаагаа уялдуулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, боловсролын хүртээмж, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг цогцоор нь дэмжих замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитоор хангах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ илэрхийллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд