Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.05) Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнө болон Ерөнхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго, ерөнхий чиг үүрэг тусгасан хэдий ч хэрэгжилтийг хангах механизм дутмаг, тодорхойгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, нас насанд нь тохирсон үйл ажиллагаанд хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш хамруулах, хот ба хөдөөгийн ялгааг арилгах, багш, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулгадаа онцолсон.
Иймд асуудлыг салбарын бодлогоор бус салбар дундын, улсын хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн зохицуулалт бүхий хууль зүйн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэ хүрээнд хүүхэд бүр хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 20 зүйлтэй бөгөөд дараах үндсэн зохицуулалтыг тусгасан. Үүнд:
Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, зорилго, үйлчлэх хүрээ, хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томьёоны тодорхойлолт,
Хоёрдугаар бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх хөгжлийн чиглэлээрх сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, чиглэл, хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг, оролцоо,
Гуравдугаар бүлэгт төрийн байгууллага болон оролцогчийн эрх, үүрэг,
Дөрөвдүгээр бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэр, түүнийг зарцуулах журмын зохицуулалт,
Тавдугаар бүлэгт хууль тогтоомжийн биелэлтийн хяналт, хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацаа зэрэг асуудлуудыг тодорхойлж, зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Нөгөөтээгүүр, хүүхэд чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд зориулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурал дахь улс төрийн таван нам, эвслийн төлөөллийн 21 гишүүн боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.