Хурандаа Ц.Ганчимэг: “Онцгой байдал - гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

Хурандаа Ц.Ганчимэг: “Онцгой байдал - гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

Хуваалцах Жиргэх

Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн профессор, доктор, хурандаа Ц.Ганчимэгтэй тус сургуулийн “Онцгой байдал-Гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-“Онцгой байдал-гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрийн талаар мэдээлэл өгвөл? 

Онцгой байдлын сургууль нь гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын мэргэшсэн хүний нөөцийг стратегийн түвшинд чадавхижуулах зорилгоор 2015 оноос ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж байна. 

“Онцгой байдал-гамшиг судлал” магистрын хөтөлбөр нь 2022 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж, магадлан итгэмжлэгдсэн. Улмаар 2024 онд хөтөлбөрийн ахиц дэвшлийн үнэлгээгээр сургалт-судалгааны тогтвортой хөгжлийг амжилттай тайлагнасан нь тус хөтөлбөрийн үндэсний хэмжээний статус болон академик чансааг бататгаж байна.

-“Онцгой байдал-гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрийн эрэлт хэрэгцээг тодорхойлбол?

Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зөвхөн хариу арга хэмжээ авах бус, эрсдэлд суурилсан стратегийн удирдлагад шилжих шилжилтийг шаардаж байна. Энэхүү хэрэгцээнд тулгуурлан манай хөтөлбөр нь:Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын туршлагад тулгуурлан судалгаа, шинжилгээ, инновацад суурилсан оновчтой шийдвэр гаргах чадвартай судлаачдыг бэлтгэх, Гамшиг судлалыг салбар дундын шинжлэх ухааны уулзвар дээр гүнзгийрүүлэн судлах нөхцөлийг бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан таамаглах, хариу арга хэмжээг төлөвлөх стратегийн түвшний мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байна.

-“Онцгой байдал-гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрийн онцлог нь юу вэ?

-Тус хөтөлбөрийн гол онцлог нь гамшгийн нөхцөл байдлыг системийн хандлагаар, олон талт шинжлэх ухааны хүрээнд авч үздэгт оршино. “Онцгой байдал-гамшиг судлал” магистрын хөтөлбөрт инженерчлэл, экологи, эдийн засаг болон сэтгэл судлал зэрэг олон талт мэргэжлийн суурьтай элсэгчид суралцсанаар гамшгийн эрсдэлийг цогц байдлаар шинжлэх, системийн түвшний шийдэл боловсруулах боломжтой.

-Төгсөгчид ямар мэдлэг, чадварыг эзэмших вэ?

-Суралцагчид тус хөтөлбөрт суралцаж төгссөнөөр бие даан шинжлэх ухааны судалгааны ажил гүйцэтгэх, онолын дүгнэлт боловсруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бодлого, стратегийн төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, орчин үеийн дэвшилтэт техник технологийн хэрэглээг эзэмшиж гамшгаас хамгаалах практикт нэвтрүүлэх зэрэг чадамжийг эзэмшинэ. Гамшиг судлалын салбарт өөрийн эрдэм мэдлэгийг зориулах, шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бүтээх эрмэлзэлтэй залуу судлаач та бүхнийг манай ахисан түвшний хөтөлбөрт суралцахыг урьж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд