Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр /2026.05.07/ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын сайн хөршийн уламжлалт, түүхэн найрсаг харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээн дэх хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой, “Аугаа их Эх орны дайны ялалт”-ын 81 жилийн ой тус тус тохиож буйг онцлон тэмдэглэлээ.
Шадар сайд Н.Номтойбаяр бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, стандарт, хэмжил зүй, онцгой байдлын салбар дахь ОХУ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд дан ганц аймаг, сум хоорондын хөгжил бус хөрш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна гэлээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков “Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээр”-ийг Монгол Улс соёрхон баталсантай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг ОХУ болон Евразийн бүс нутгийн улс орнуудад нэмүү өртөг шингэсэн үнээр экспортлох боломжтой талаар онцоллоо. Түүнчлэн, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.
Талууд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, алба хаагчдыг сургах зэрэг онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид улам бүр бэхжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.

