УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.11) НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй эрх зүйн бодлого, цаашлаад парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.  Уулзалтад Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг, Д.Цогтбаатар нарын гишүүд байлцлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Монгол Улсад 26 жилийн дараа зочилж байгааг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд Монгол Улс 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрх, үндсэн эрх чөлөөг баталгаажуулж, анх удаа тусгай бүлэг болгон тусгаж өгсөн зэргээр хүний эрхийг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажил, хууль эрх зүйн орчны талаар танилцууллаа. Тэр дундаа 2020 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг санаачлан боловсруулж, НҮБ-ын Парисын зарчимд нийцүүлэн баталснаар Комиссын гишүүдийг хараат бусаар олон нийтээс сонгох, төсөв, үйл ажиллагааны бие  даасан байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэндээ сэтгэл хангалуун байдгаа онцлон тэмдэглэв.

 

Тодруулбал Монгол Улс 2000 онд Хүний эрхийн Үндэсний комиссыг байгуулж, 2003 онд Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 2016 онд цаазаар авах ялыг халж, 2021 онд Ази Номхон далайн бүсийн хэмжээнд Хүний эрхийг хамгаалагчдын тухай анхны хуулийг баталсан бөгөөд Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн батлахаар ажиллаж байна.

 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурал хүний эрхийн гэрээ, конвенцын хэрэгжилтийг зөвхөн тайлан хэлэлцэх түвшинд бус, түүний мөрөөр Засгийн газар болон холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөх, хэрэгжилтийн явцыг байнгын хороодын түвшинд сонсох, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах, хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр парламентын хяналтыг бодитой хэрэгжүүлж байгаа талаараа дурдаад байр сууриа дэлгэрэнгүй илэрхийллээ.

 

Уулзалтын үеэр УИХ-ын даргаНҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарУлаанбаатар хотод Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт судалгааны төвийг байгуулах талаар хамтран ажиллах, замын зураглал байгуулах асуудлаарх санамж бичигт гарын үсэг зурсныг талархан хүлээн авч байгаагаа тэмдэглээд Монгол Улсын Их Хурал шаардлагатай санхүүжилтийн эхлэлийг 2027 оны төсөвт тусгахад бэлэн байгаагаа нотлоод цаашдын санхүүжилтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн чиглэлээр томоохон судалгаанууд хийгддэг. Тиймээс  энэ асуудалд сүүлийн жилүүдэд хот хөдөөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, ялангуяа хөдөө орон нутагт гэрлэх насны эрчүүд ганц биеэр амьдрах, Нийслэл хотод ганц бие эмэгтэйчүүд олшрох үзэгдэл түгээмэл болж байгааг хамруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ажиллахыг мөн санал болголоо. Энэ нь цаашлаад Монгол Улсын хүн ам зүйн бодлогын тулгамдсан асуудлын нэг болоод байгааг тодотгосон юм.

 

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк УИХ-ын даргын дэвшүүлсан саналыг анхааралдаа авч, суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан ажил хэрэг болгож, ажиллахаа илэрхийлэв. Тэр тусмаа хүн ам зүйн бодлогын асуудлыг чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Тэрбээр, аливаа улс орны парламент нь хүний эрхийг хамгаалах үйлсэд чухал оролцоотой байдаг учраас улс орнуудад албан ёсны айлчлал хийхдээ тухайн улсын парламентын даргатай уулзалт хийхийг зорьдог хэмээгээд Монгол Улс 1990-ээд оноос хойш маш хурдтайгаар шилжилтийн процессыг явуулж байгааг сонирхон ажиглаж ирсэн талаараа дурдав. Үргэлжлүүлэн, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк, Монгол Улс хүний эрхийг хамгаалахтай холбоотой системийн шинэчлэлийг үр дүнтэй хийсэн гэж үнэлж байгаагаа тэмдэглээд хүн амын талыг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоо парламентын түвшинд Азийн дундаж 21.2 хувиас давж, дэлхийн дундаж болох 26.9 хувьд дөхсөнийг сайшаав. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс олон үзүүлэлтээр үлгэр жишээ, сайн туршлага харуулж байгааг онцолж байлаа. Үүнээс гадна дэлхий даяараа хүний эрхийн асуудалд залуу үеийг татан оролцуулах асуудал анхаарлын төвд байгааг тэмдэглээд энэ чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа мөн илэрхийлэв.

 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Хүний эрх, хүний үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын гүйцэтгэх үүрэг нэн өндөр бөгөөд Монгол Улс Таны болон танай албаны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.  Мөн Монгол Улсын ардчилсан парламентын гол зарчим бол гаргаж буй бүх шийдвэртээ хүний эрхийг хангах учраас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, Монгол Улсын “Үндсэн хууль”-д заасан хүний эрхийг хангах асуудлыг тууштай хэрэгжүүлж ажиллана гэдгээ онцлон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд