Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.15/ Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д Улсын Их Хурал нь улсын төсөв, түүний гүйцэтгэлийг батлах, хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхтэй байхаар заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлээр нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх журмыг зохицуулж байгааг төсөл санаачлагч гишүүн онцлов.
Гэвч өнөөдрийн мөрдөж байгаа зохицуулалтаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеийн асуулт, хариултын хугацааг тусгайд нь заалгүй, ердийн хуулийн төслийн хэлэлцүүлгийн нийтлэг хугацаагаар явуулж байгаа нь төсвийн зарцуулалт, үр ашиг, аудитын дүгнэлт, сахилга хариуцлагын асуудлыг гүнзгий хэлэлцэхэд дутагдалтай байна гэж төсөл санаачлагч гишүүн хэлэв. Энэ хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Хуулийн төслөөр төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед гишүүний асуулт асуух болон хариулт авах хугацааг нэмэгдүүлж, тусгайлан зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, Байнгын хороо болон нам, эвслийн бүлгийн түвшинд гишүүн үндсэн асуултаа 10 минутаас илүүгүй хугацаанд асуух, нэмэлт асуултыг 3 минутаас илүүгүй байх, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар дахин тодруулга хийх, гишүүний асуултад 6 минутаас илүүгүй хугацаанд хариулах, нэмэлт тайлбарыг 2 хүртэл удаа тус бүр 4 минутаас илүүгүй хугацаанд өгөх зохицуулалтыг тусгасан байна.
Мөн нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийн үед ч асуулт, хариултын хугацааг нэмэгдүүлж, төсвийн гүйцэтгэлийг илүү дэлгэрэнгүй, бодитой хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурал төсвийн гүйцэтгэлд илүү үр нөлөөтэй хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч нараас тодорхой, хариуцлагатай тайлбар авах, аудитын дүгнэлтийн хэрэгжилтэд бодитой анхаарал хандуулах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.